“Зав-Русь” орос хэлний төв ажлаараа улсад тэргүүлжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-07-23 12:37:25

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн орос хэлний төв, Улаанбаатар хот дахь Оросын Шинжлэх ухааны төвийн дэргэдэх аймгуудын салбаруудаас ажил үйлсээрээ шалгарч, улсад тэргүүн байрыг эзэлжээ.

-"Манай төв нь өнгөрсөн жил үйл ажиллагаагаараа улсад хоёрдугаар байрт шалгарч байсан. Харин энэ жил нэг байр ахиж тэргүүлсэн байна. Зав-русь төв байгуулагдаад дөрвөн жил болж буй. Энэ хугацаанд нийт 21 сурагч тус төвд орос хэлийг гүнзгийрүүлэн суралцаж уралдаант шалгалтад тэнцэж өнөөдрийн байдлаар ОХУ-ын их, дээд сургуулиудад тус улсын 100 хувийн тэтгэлгээр амжилттай суралцаж байна. Түүнчлэн  сургуулийн өмнөх нас болон 5-12-р  ангийн сурагчдад орос хэлийг гүнзгийрүүлэн сонирхолтой аргаар заадаг бөгөөд олон талт арга хэмжээг зохион байгуулж байна.

Дөрвөн жилийн хугацаанд 180 гаруй хүүхэд энэ төвд суралцлаа. Өнгөрсөн хичээлийн жилд Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн 7-р ангийн сурагчдад зориулан орос хэлний гүнзгийрүүлсэн дугуйланг долоо хоногт зургаан цагаар хичээллүүлж, сурагчдын орос хэл сурах идэвхийг өрнүүлсэн. Энэ их үр дүнтэй сургалт болсон. Мөн дугуйлангийн суралцагчдын дунд орос дуу, шүлэг хэн сайн мэдэх вэ? уралдаануудыг байнга зохион байгуулж хүүхдүүдийг урамшуулж байна. Түүнчлэн COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорионы үеэр орос хэлний төвийн сурагчдад зориулан цахим хичээлүүдийг цувралаар маш амжилттай зохион байгууллаа.

Тухайлбал “Маскаа хэрхэн зөв зүүх вэ?”, ”Гараа хэрхэн зөв угаах вэ” зэрэг сэдвээр орос хэлээр видео хичээл бэлдэж, олны хүртээл болгосон" гэж Зав-Русь төвийн захирал Л.Оюунцэцэг хэллээ.  

Ташрамд, Монгол Улсын хэмжээнд нийт 25 орос хэлний төв байдаг аж. 

Холбоотой мэдээ