Монгол Улс авлигыг жигших нийгмийн шинэ соёлтой болно

Монголын мэдээ | Тойм
n_sarchihg@yahoo.com
2021-07-23 13:28:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


“Наадмын дараа намар болно” гэдэг хэлц бий. Найрлаж наргихаас илүүтэй их ажил хүлээж байгаа шүү гэдэг санааг агуулсан хэлц. Үнэхээр ч их ажил биднийг хүлээж байна. Түүн дотроос дэлхийн сонорт дуулгах нэгэн том зорилго агуулсан шийдвэрийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргалаа. Тэр нь юу гэхээр 2021 оны долдугаар сарын 16-нд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас авлига, хүнд суртлыг таслан зогсоож, авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсэг байгуулсан явдал юм. Эрчимжүүлсэн арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, батлуулан хэрэгжүүлж ажиллахыг тус Ажлын хэсгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгажээ.


ХБНГУ-ын Берлин хотод төвтэй “Транспаренси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас жил бүр улс орнуудын төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн судалгаанд үндэслэн Авлигын төсөөллийн индексийг боловсруулдаг бөгөөд 2020 оны дүнг 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр дэлхий нийтэд зарлажээ. Индексийн дүнгээр Монгол Улс 2020 онд 35 оноо авч 180 улс орноос 111 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь өмнөх оныхтой ижил оноотой боловч 5 байраар ухарсан үзүүлэлт болж байгаа аж. Монгол Улс өмнөх оныхоос оноо буурсан үндсэн шалтгаан нь төрийн албан хаагчид эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигладаг байдал нэмэгдсэнээс хамаарсан байж болох судалгааны дүн гарчээ. Түүнчлэн бизнес эрхлэгчид үйл ажиллагаа эрхлэх болон гэрээ, хэлцэл байгуулахад авлигатай нүүр тулах эрсдэл нэмэгдсэн гэх шалтгаанаар манай улсын үнэлгээ буурсан байна. Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулдагийн бодит жишээ нь Замын-Үүд боомтод үүссэн асуудлаас тодорхой харагдаж байна. Иймээс Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 111-р байрт жагсаж байгааг хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулах зорилт тавьж, үүний хүрээнд Ажлын хэсгийг байгуулжээ. Шинээр байгуулсан ажлын хэсэг авлигын гэмт хэргийг бий болгож байгаа суурь хүчин зүйлс буюу хууль эрх зүйн орчныг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг ажлыг эрчимжүүлэх юм.


Авилгын индексийг бууруулах ажлын хэсгийн анхны хуралдаан 7-р сарын 19-ний өдөр болсон бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнгөрсөн 30 жилд олон сайн зүйл бий болсон ч сул талууд ч гарлаа. Түүний нэг нь төрийн байгууллагын хүнд суртал. Авлига хээл хахууль нэмэгдэж, нийгэмд баян хоосны ялгаа асар их болсон. Эдгээр нь иргэдийн амьдралын чанарт нөлөөлж, дундаж давхаргыг бүрдүүлэхэд саад болж байна. Өнгөрсөн 30 жилд авлигатай тэмцэх олон ажил хийсэн ч илүү сайжруулах шаардлага байна. Тиймээс энэ ажлыг илүү өргөн хүрээтэй явуулах авлигын хөрс сууринаас нь таслан зогсоох зорилгоор Авлигын индексийг буруулах ажлын хэсэг байгуулж байна” гэлээ. Мөн “Аль ч улс оронд гүйцэтгэх засаглал нь авлигатай тэмцдэг. Тиймээс Засгийн газар өөрийнхөө зүгээс юу хийж чадах зүйлээ хийнэ. Авлигатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллагад дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана. Хоёр жилийн хугацаанд авлигыг жигших нийгмийн шинэ соёлыг бий болгоно” гэж мэдэгдсэн юм. Мөн Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхдээ хүнд суртал, авлига дагуулж буйг таслан зогсоохоо Ерөнхий сайд мэдэгдлээ. Энэ хүрээнд олон нийтийн дунд тандалт судалгааг долоо хоног бүр явуулж, хамтарсан төсөөллийн судалгаагаар хамгийн их хүнд суртал үүсгэж байгаа газрыг тогтоож, дээрх Ажлын хэсэг асуудлыг шийдээд явна. Товчхондоо, авлигын эсрэг тэмцэл зөвхөн УИХ, хуулийн байгууллагынхны биш иргэн бүрийн оролцох асуудал гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн юм. Мөн Шүгэл үлээгчдийн эрх зүйн байдлын тухай хуультай болох шаардлагатай байгааг онцолсон.  Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуультай болох ёстойг ч Ерөнхий сайд яриандаа дурдсан.


Манай улсад авлигын хэргийг шийддэг дагнасан шүүх тогтолцоог бүрдүүлэх шаардлага байгааг ч хэлсэн. Ийм чиглэлийн хэргийг дагнаж шийдэж байгаагүй шүүгч, өмгөөлөгч, прокурор, хуулийн байгууллагын ажилтнууд ажиллахаар хэрэг замхрах нөхцөл болж байна гэж албаныхан үзэж байна. Энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин дутмаг байгааг Ерөнхий сайд онцолж, УИХ-ын Ёс зүйн хороотой хамтарч ажиллаж, ах, дүү, хамаатан, садны томилгоотой тэмцэхээ мэдэгдээд “Төр тунгалаг байж чадвал хувийн хэвшлийнхэнтэй холбоотой авлигын асуудал үүсэхгүй” гэдгийг Ерөнхий сайд онцолсон. Энэ бүхний эцэст Шинэ 30 жилд Монгол Улс авлигагүй болохын тулд хоёр жилийн хугацаанд нарийвчилсан ажлын төлөвлөгөө гаргаж ажиллахаар боллоо.




Авилгатай холбоотой асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлж байсан үгнээс эргэн сануулахад, 2021.02-р сарын 10.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бүтээн байгуулалтын ажил явна. Гэхдээ тендертэй холбоотой асуудлыг цахимжуулж, ойлгомжтой болгох асуудлыг эргэж харахаар ажиллаж байгаа. Бид авлигын индексийг бууруулах зорилт тавьсан. Өнөөдөр авлигын индексээр Монгол Улс 111 дүгээр байрт явж байгаа. Хэрэв бид төрийн худалдан авалтыг 100 хувь цахимжуулж чадвал авлигын индекс буурах гол шалгуур үзүүлэлтийн 3-4-ийг шууд хангана. Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлын тухай хуулийг баталбал авлигын индекс буурна. Бид цахим шилжилтийг 80-90 хувьтай хийж чадвал мөн буурна. Бид ХОМ-ээ буруу бөглөсөн хүнд хариуцлага тооцох тогтолцоог хуульд оруулбал буурна. Авлигын индексийн 20 орчим шалгуур үзүүлэлтийн нэг нь төрийн худалдан авалт тул үүнд анхаарч ажиллана. Энэ дээр УИХ, АТГ болон бусад хууль хяналтын байгууллагатай нягт, шуурхай, зоримог ажиллах болно. Авлигачинтай хийх тэмцэл бол нэг хэрэг. Авлига үүсгэж байгаа хөрстэй тэмцэнэ гэдэг нь хамгийн чухал. 


2021 оны 5-р сарын 10. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдрийн байдлаар төрийн 516 үйлчилгээ цахимд шилжсэн. Цаашлаад яамдад байгаа ажлууд цахимд шилжих ёстой. Цахим хөгжлийн багц хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахлан боловсруулж байгаа. Үүнийг баталснаар цахим гарын үсэгтэй болно. Мөн хувь хүний мэдээлэлтэй холбоотой эрхзүйн орчин бүрдэнэ. Түүнчлэн төрийн бүх сервер хувийн сервертэй холбогдоно. Ингэснээр иргэн 10 оронтой кодтой болно гэсэн үг. Ингээд регистрийн дугаар, жолооны үнэмлэхийн дугаар, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн дугаар байхгүй болно. 10 оронтой кодоороо цахимаар холбогдож, төрийн үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Энэ нь хүнд суртал, авлигыг бууруулна. Хэрэв ийшээ орж чадаагүй яам байвал үүнийг авлигатай тэмцэх тэмцэлд нэгдээгүй гэж үзнэ. Мөн шүгэл үлээгчдийн хуулийг боловсруулж байгаа. Нэг үгээр хэлбэл, мэдээлэл өгдөг хүмүүсийг дэмжих эрхзүйн таатай орчин бүрдүүлнэ. Мөн төрийн албан тушаалтан ХОМ-ээ худал бөглөсөн бол яах вэ. Машингүй гэж бөглөчихөөд машин унаад яваад байдаг. Орон сууц нь өөр хүний нэр дээр байдаг зэргийг цэгцэлнэ. ХОМ-ээ бичээгүй хөрөнгийн эх үүсвэрээ нотолж чадахгүй бол эрүүгийн хэрэг үүсгэх эрхзүйн орчинд шилжинэ.


Ийнхүү Монгол Улс авилгыг жигших нийгмийн шинэ соёлтой болох гараанаас хөдөллөө.

Холбоотой мэдээ