Өнөөдөр Токиогийн дэвжээнд өрсөлдөх монгол тамирчид

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-07-25 09:35:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио -2020” Зуны олимпын XXXII наадмын 2 дахь өдөр 28 орны баг тамирчид медаль хүртсэн бөгөөд тэдний нэгд Монголын Улсын баг багтсан юм.

 

Харин өнөөдөр буюу 7 дугаар сарын 25-ны өдөр Монголын шигшээ багаас эмэгтэй 3х3 сагсан бөмбөг, буудлага, жүдо, боксын тамирчид Токиогийн олимпын уралдаан тэмцээндээ хүч, хурд, ур чадвараа сорино.

 

Тухайлбал, Буудлага спорт: Өнөөдөр өглөө 9:00 цагаас Asaka shooting Range буудлага спортын төвийн галын шугаманд манай 2 тамирчин цэц  мэргээ сорино. Эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд олимпын мөнгөн медальт Отрядын Гүндэгмаа 18 дугаар, ОУХМ Цолмонбаатарын Анударь 26 дугаар галын шугамнаас сум тавина. Урьдчилсан буудлага өглөөний  9:00 цагаас , Улмаар финалд урьдчилсан буудлагад хамгийн өндөр оноо авсан 8 тамирчин цааш нь медалийн төлөө 11:15 цагаас өрсөлдөнө.

 

Эмэгтэй 3х3 сагсанбөмбөг Aomi Urban sports park -т болж байгаа бөгөөд Монголын шигшээ баг өнөөдөр хоёр тоглолт хийнэ. Эхлээд өглөөний 10.15 минутаас эзэн орон Японы багтай, дараа нь 14:00 цагаас ОХУ-ын багтай тоглох юм.

 

Nippon Budokan ордны татами дээр манай 2 жүдоч хүчээ сорино. Өнөөдрийн барилдаан 11 цагаас эхлэх бөгөөд эмэгтэйчүүдийн 52 кг-д Лхагвасүрэнгийн Сосорбарам хоёрдугаар татамид долоо дахь барилдаанд Узбекистаны Д.Келдиероватай эхний барилдаанаа хийх бол эрэгтэйчүүдийн 66 кг-д өрсөлдөх Ёндонпэрэнлэйн Басхүү нэгдүгээр дэвжээнд 15 дахь барилдаанд дэвжээн гарах юм.

 

Мэргэжлийн сумо бөхиийн Ryogoku Kokugikan ордонд болж буй боксын тэмцээний эрэгтэйчүүдийн  64 кг-д Баатарсүхийн Чинзориг орой 17 цаг 15 минутаас 1/16 -д шалгарах тулаанаа Узбекистаны Эльнур Абдураимовтой хийх юм. 



Холбоотой мэдээ