Польшийн зарим иргэнийг Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-07-27 13:18:20
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Польшийн зарим иргэнд төрийн дээд одон, медалиар шагнасныг  Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж энэ сарын 21-нд Варшавт дахь ЭСЯ-нд гардууллаа. 


Тодруулбал, Варшавын их сургуулийн доктор, монгол судлаач, эрдэмтэн Агата Барэя-Стажынскаг Монгол судлалыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнав. Доктор Агата Барэя-Стажынска нь эдүгээ БНПУ-ын Варшавын их сургуулийн Дорно дахины судлалын сургуулийн Түрэг судлал, төв Азийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна. Тэрээр Польш дахь Монгол судлалын түүхэн уламжлалыг үргэлжлүүлэн хөгжүүлж байгаагаас гадна олон тооны судалгааны ном, эрдэм шинжилгээний товхимол, өгүүлэл бичиж нийтлүүлжээ. 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Монгол судлаач гадаадын шилдэг эрдэмтэн шагнал”, 2010 онд “Найрамдал” медалиар шагнуулж байсан юм. 



Түүнчлэн Монголын соёл, уламжлалыг сурталчлан түгээх, Монгол, Польшийн парламент хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд гаргасан идэвх чармайлт, хувь нэмрийг нь үнэлэн Польш улсын Сейм дэх Польш-Монголын парламентын бүлгийн дарга Марк Жонсаг “Найрамдал” медалиар шагналаа. Мөн Монгол, Польшийн харилцааг өргөжүүлэх, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулж буй дэмжлэг, идэвх чармайлт, хувь нэмрийг нь үнэлэн БНПУ-ын эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга, Польш, Монголын холбооны тэргүүн Г. Цессакыг “Найрамдал” медалиар тус тус шагнав. 

Холбоотой мэдээ