“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулж, тэжээлийн тогтвортой менежментийн бий болгох нь” сэдэвт цахим сургалт болж байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-07-27 16:38:13

Архангай /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Азийн хөгжлийн банкны "Тогтвортой тэжээлийн менежмент” төсөл, Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуультай хамтран хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулж, тэжээлийн тогтвортой менежментийн бий болгох нь” сэдэвт цахим сургалтыг 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 07 дугаар сарын 30-ыг хүртэл 5 хоногийн хугацаанд цахимаар зохион байгуулж байна.


Энэхүү сургалтад аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Малын бэлчээр, тэжээл, усан хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон сумдын Хөдөө аж ахуйн тасгийн бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтэн нар хамрагдаж, мэргэжилтнүүд бэлчээрийн тэжээлийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, өвөл, хаврын улирлын тэжээлийн нөөц бүрдүүлэх, бэлчээрийн газрын зураг ашиглах болон байршил тогтоох багаж ашиглан бэлчээр, хадлангийн газрыг бүртгэлжүүлэх онол, практикийн мэдлэг, ур чадварыг эзэмшүүлж гэрчилгээ олгох юм. 


Сургалтын үр дүнд бэлчээрийн мэргэжилтнүүд бэлчээрийн ургац, даац тогтоож сурахын дээр бэлчээр, хадлан зохистой ашиглах, сайжруулах энгийн аргууд, хадлангаас чанартай өвс бэлтгэх аргыг эзэмшиж, тэжээлийн ганц ба олон наст ургамал, бусад таримлыг тариалах агротехник, ургамлын өвчин, хортонтой тэмцэх, хөрсний зураг ашиглах, хөрс хамгаалах аргын талаар мэдлэгтэй болж, бэлчээр, газар тариалангийн байр зүйн мэдээг GPS ашиглан цуглуулж, бэлчээрийн зураг ашиглаж сурна.


Мөн цаашид мэргэжлийн дагуу ашиглах бэлчээр, тэжээл бусад таримлууд хөрстэй холбоотой ном, гарын авлагатай танилцана.


Бэлчээр, тэжээлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулснаар бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах, тэжээлийн нөөцийг бүрдүүлэх ажлыг мэргэжлийи түвшинд зохион байгуулах бөгөөд энэ нь Монгол улсын мал аж ахуй, байгаль орчны салбарт үнэтэй хувь нэмэр оруулж улмаар хөгжлийн тогтвортой байдлыг хангах үндэс болох ажээ.

Холбоотой мэдээ