Япон софтболын төрөлд алтан медаль хүртлээ

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2021-07-28 09:19:01

ТОКИО. /NHK/. Токиогийн Олимпын наадмын софтболын төрөлд Японы баг 2-0 онооны харьцаатайгаар АНУ-ын багийг ялснаар алтан медалийн эзэд боллоо. Ингэснээр зохион байгуулагч орны алтан медалийн тоо 10-т хүрэв.


Софтболын тэмцээний энэхүү үр дүн өмнөх түүхийг дахин давтжээ. Тодруулбал, 2008 оны Бээжингийн Олимпын наадамд Япон алтан медаль, АНУ мөнгөн медаль хүртэж байсан юм.


Ахмад шидэгч Үэно Юкико улсынхаа багийг ялалт байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Түүнчлэн тэрбээр 13 жилийн өмнөх Олимпод багаа ялахад мөн ихээхэн хувь нэмэр оруулж байжээ.


Харин теннисний төрөлд өндөр найдлага тавьж байсан тамирчин Наоми Осака гуравдугаар шатанд Чехийн тамирчин Маркета Вондроусоватай хийсэн тоглолтдоо ялагдал хүлээлээ.



Н.Осака тоглолтын дараа сэтгүүлчдэд, “ийнхүү ялагдсандаа ихэд сэтгэл дундуур байна” хэмээн хэлжээ. Олимпын нээлтийн ёслолын бамбарыг асаасан тэрбээр медаль хүртэх хамгийн өндөр магадлалтай тамирчдын нэгд тооцогдож байсан юм.  


Харин Тайванийн хувьд Токиогийн Олимпын наадмын анхны алтан медалиа хүртлээ. Тодруулбал, хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд өрсөлдсөн Го Син Чунь алтан медалийн болзол хангажээ.



Өнгөрсөн баасан гарагт болсон Олимпын наадмын нээлтийн ёслолын үеэр Тайванийн тугийг барьсан тэрбээр 236 кг-ыг өргөснөөр Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.


Өдгөө 27 настай Го Син Чунь 2016 оны Риогийн Олимпоос хүрэл медаль хүртсэн юм. Тэрбээр Токиогийн Олимпоос алтан медаль хүртсэнийхээ дараа, “дараагийн Олимпоос медаль хүртэнэ хэмээн найдаж байна” гэж хэлжээ. 

Холбоотой мэдээ