Өнөөдөр Э.Цэндбаатар Вьетнамын боксчинтой хүч үзнэ

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-07-28 10:09:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио -2020” Зуны олимпын XXXII наадмын 5 дахь  өдрийн байдлаар 206 орноос 52 орны баг тамирчид медаль хүртсэний дотор Монголын шигшээ баг 1 мөнгө, 2 хүрэл медальтай 35 дугаарт бичигдэж байна.


Өнөөдөр  буюу 7 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын үндэсний шигшээ багаас бокс, жүдо бөх, байт харвааны тамирчид Токиогийн дэвжээнд гарч хүч, хурд, ур чадвараа сорино.


Олимпын наадмаас 3 медаль хүртсэн Монголын жүдочид энэ олимпоос хүртсэн медалийн тоогоор өмнөх олимпуудын амжилтуудаа давуулан дээд амжилт /Монголын жүдочид 1980 , 2012 оны олимпоос тус бүр хоёр, 1996, 2004, 2008, 2016 оны олимпоос тус бүр нэг нэг медаль хүртэж байв/ тогтоогоод байгаа юм.


Өнөөдөр Nippon Budokan ордны татами дээр Улаанбаатарын цагаар 10 цагаас эхлэх жүдо бөхийн тэмцээнд Монголоос ганц жүдоч хүчээ сорино. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 90 кг жинд Гантулгын Алтанбагана хоёрдугаар татами дээр 2 дахь барилдаанд 25 настай 2021 оны Дэлхийн аварга Испанийн жүдоч Шеразадешвили Николоз-тай хүч үзнэ.


Байт харвааны тэмцээн энэ өдөр “Yumenoshima Final Field” талбайд ганцаарчилсан төрлийн хасагдах шатны тэмцээн болох юм. Эмэгтэй байт харваачид шилдэг 32-д үлдэхийн төлөө өрсөлдөх бөгөөд 69 дугаар бай дээр Бишиндээгийн Урантунгалаг 12 цаг 50 минутаас Японы Азуса Ямаучитай халз харваж өрсөлдөнө.


Харин эрэгтэйчүүдийн 1/32-т 16 цагт 18 минутаас 109 дүгээр бай дээр Баатархуягын Отгонболд БНХАУ-ын Жиалун Литэй цэцээ сорих юм.


Мөн энэ өдөр сумо бөхийн ”Kokugikan Arena ордонд манай 2 тамирчин тулаанаа хийнэ. Тодруулбал, 10 цаг 30 минутаас эмэгтэйчүүдийн 75 кг жинд Мөнхбатын Мягмаржаргал Монголын эмэгтэй боксчдын түүхэн дэх олимпын анхны тулааныг Их Британийн Лорен Прайстай хийх юм.


Харин өнөөдөр 18 цаг 06 минутаас эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Эрдэнэбатын Цэндбаатар Вьетнамын Нгуен Ван Донгтой энэ олимпын 2 дахь тулаанаа хийхээр рингэнд гарах юм.

Холбоотой мэдээ