Даланзадгад сумын хэмжээнд 666 айл үерт автжээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-07-29 13:36:25
Өмнөговь /МОНЦАМЭ/ Үерийн улмаас Даланзадгад сумын хэмжээнд 666 айл үерт автжээ.
Өнгөрсөн өдрүүдэд Өмнөговь аймгийн хэмжээнд усархаг үргэлжилсэн бороо орсны улмаас багагүй хэмжээний хохирол учраад байна. Аймгийн төв Даланзадгад сумын хэмжээнд 666 айл үерт автаж, 317 айлын бохир давж, 301 гэр, 203 хувийн байшин, 44 граш, 13 подвал, 23 орон сууц, 7 агуулах өртсөн бөгөөд 21 айлыг нүүлгэн шилжүүлжээ. Сэврэй суманд малдаа явсан 2 хүүхэд сураггүй алга болсныг 2 автомашинтай 2 бүлэг гарч, эрэн хайж эсэн мэнд олсон байна. Мөн Цогт-Овоо суманд 3 автомашинтай 10 хүн шаварт суусан байсныг сумын ЗДТГ-аас 2 автомашинтай бүлэг гарч татаж гаргасан, 15кВ-н цахилгааны шугам гэмтсэнийг засварлаад байгаа аж. Баяндалай сумын ЗДТГ-ын байр, Соёлын төв, Спорт заал дээврээс ус гоожсон, Булган суманд сумаас 3 болон 25 км-т 12 автомашин шаварт суусныг 6 алба хаагч 2 техниктэйгээр ажиллаж гаргасан байна. Харин Мандал-Овоо суманд сумын төвөөс урагш 70 км-т гэр мал нь усанд автсан малчин айлын дуудлагын дагуу 2 автомашинтай 11 хүн ажиллаж хохиролгүй болгосон, 2 автомашин шаварт суусныг гаргажээ. Цогтцэций суманд Билгэх, Цагаан-Овоо багийн нутагт 14 автомашинтай 29 иргэн шаварт суусан, үерт боогдсоныг тус сумын Гал түймэр унтраах аврах 44-р ангийн 5 алба хаагчаас гадна Эсто ХХК-ийн 10, Спейл майнинг сервис ХХК-иас 3, Бодь интернейшнл ХХК 2 автомашин, Шилдэг зам ХХК 5 ажилтан хамтран ажиллаж гаргасан байна. Баян-Овоо сумын Могойт багийн малчин өрх малаа алдаж, Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлын шилэн кабелийн ухсан шуудуунд 45 ямаа унаж хорогдсон, тухайн хэсгийг хариуцагч компани малчин айлын хохирлыг барагдуулсан. Дээрх сумдаас бусад сумдын нутагт нөхцөл байдал харьцангүй тайван өнгөрлөө гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Цаашид үерийн эрсдэлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэх, үерийн ус зайлуулах сувгийн аман дээр буусан айл өрхийг нүүлгэх, газар чөлөөлөх, инженерийн шугам сүлжээ /дулаан, цэвэр, бохир/-ын худгуудын битүүмжийг сайжруулах шаардалагатай байна. Мөн иргэд аж ахуйн нэгж албан байгууллагууд дээвэр болон зоорийн давхраа засварлах, үерийн усанд өртөж болзошгүй дэд станцын суурийг өндөрлөгөө хийх, техник ашиглалтын аюулгүй ажиллагааг хангуулах, үерийн усанд өртсөн автозамыг нөхөн сэргээх, засварын ажлыг зохион байгуулах, ариутгал халдваргүйтгэл хийх зэрэг арга хэмжээг авах шаардлагатайг ОБГ-аас Онцгой комисст танилцууллаа.
Автозамын эвдрэл хохирлын хэмжээ одоогоор хараахан гарч амжаагүй байна. Тухайн орон нутгийн хохирлын хэмжээний үнэлгээг сумд тус бүр хариуцаж хийхээр болжээ. Зам болон дэд бүтэцтэй холбоотой гамшгийн хохирлын үнэлгээг хийх ажлын хэсгийг АОК-оос байгууллаа.
Холбоотой мэдээ