Ч.Болортуяа:12-17 насныхныг вакцинжуулснаар хүн амын 70 хувь бүрэн дархлаажина

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2021-07-28 13:47:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж 10 гаруй асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ. Тэрээр, ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар танилцуулсныг дуулгаад, Монгол Улс цар тахлын эсрэг дархлаажуулалтын ажлыг эрчимтэй зохион байгуулан үргэлжилж байна. Үүний хүрээнд Монгол Улсын нийт хүн амын 60 хувийг вакцины бүрэн тунд хамруулаад байна гэв. 

Манай улс вакцинжуулалтыг богино хугацаанд эрчимтэй зохион байгуулснаар ямар үр дүн гарч хүрсэн талаар судлаачид тодорхой мэдээлэл өгч буйг тэрээр танилцууллаа. Одоогийн байдлаар 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулах ажлыг эрчимтэй үргэлжлүүлж байна. Дээрх насны хүүхдүүдийг дархлаажуулалтад бүрэн хамруулснаар Монгол Улс нийт хүн амын 70 хувьд хүрэх тооцоолол гарч буйг хэллээ. Хэдийгээр Монгол Улс хүн амынхаа 60 хувийг вакцинд хамруулсан ч тайвшрах цаг болоогүйг ЭМЯ-аас мэдээлж байна.


Арван их наядын цогц төлөвлөгөөний дагуу 210 мянган ажлын байрыг хадгалж чаджээ


Засгийн газрын ээлжит хуралдаанаар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг 7 хоног бүр танилцуулдаг. Уг танилцуулгаар зээлийн нийт гүйцэтгэл 3.2 их наяд, буюу 32 хувьтай байна. Цогц төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 210 мянган ажлын байрыг хадгалж чадсан тухай Сангийн яамнаас мэдээлжээ.

Замын-Үүдийн чөлөөт бүсийг нээж байнгын ажиллагаанд оруулах тухай тогтоолыг Засгийн газар өнөөдөр батлаад байна. Чөлөөт бүсээс гадна Замын-Үүд дэх боомтын үйл ажиллагааг жигдрүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд хил гаалийн ачаа тээврийн нэвтрэлтийг сайжруулах, нүүрсний гарцыг нэмэгдүүлэх тадаар Монгол Улсын талаас тавьсан бүх саналд БНХАУ-ын тал нааштай хариу өгсөн. Замын-Үүдийн хилийн боомтоос 110 машин нэвтрэн гарч, үүнээс 100 авто машин ачаагүй, нүүрстэй 10 машин гарч байна. Орох чиглэлд ачаатай 100, импортын 50-60 автомашиныг өдөр бүр нэвтрүүлж байна.


Хүн амыг вакцины 3 дахь тунд хамруулах талаар шийдвэр гараагүй, судалж байна


Цар тахлын эсрэг хийх вакцины 3 дахь тунгийн талаар ДЭМБ-аас хараахан зөвлөөгүй байна. Шалтгаан нь дэлхий дахинд цар тахлын эсрэг вакцинжуулалт хүртээмжгүй байгаа. Дэлхийн зарим улс оронд “Бүүстэр” буюу гурав дах тун байтугай эхний тунг хийж амжаагүй байхад гурав дах тунг хийнэ гэж ярих нь зохимжгүй гэж үзсэн талаар ДЭМБ-аас зөвлөсөн. ЭМЯ-наас өгсөн өнөөдрийн мэдээллээр 8 дугаар сард багтаж зорилтот бүлэгт хандсан 3 дахь тунгийн вакцинжуулалтыг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөг танилцуулсан. Гэхдээ Засгийн газар, УОК-оос шийдвэр гараагүй. Зөвхөн төлөвлөх, судалгаа хийх үүрэг даалгавар өгсөн. Энэ дагуу ЭМЯ, ГХЯ вакцины татан авалт дээр ажиллаж эхлээд байна гэв. 


Холбоотой мэдээ