Говь-Алтай аймаг ХААИС-тай хамтран ажиллана

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-07-28 14:51:41

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай  аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран ажиллахаар долоодугаар сарын 28-нд хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ.

Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан "Газар тариалан жимс жимсгэнэ" төсөлд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж буй эрдэмтдийн багийнхан Говь-Алтай аймгийн Засаг даргад өөрсдийн боловсруулсан төслийг танилцуулж, санал бодлоо солилцсон юм.  Энэхүү уулзалтын эхэнд Засаг дарга О.Амгаланбаатар Хөдөө аж ахуйн их сургуультай уг төслийн хүрээнд хамтран ажиллахаар болж санамж бичигт гарын үсгээ үзэглэлээ. 

Санамж бичигт: Аймгийн нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах экологи байгаль орчин - нийгэм - эдийн засгийн уялдаатай стратеги төлөвлөгөөг хамтран боловсруулахаас гадна мал аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагааны эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, технологийн дэвшил нэвтрүүлэх, сургалт дадлагын бүхий л үйл ажиллагаануудад бодитой үр дүнд хүргэх талаар тусгагдсан тухай Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Тус эрдэмтдийн багийнхан олон жилийн туршлага, судалгаан дээр батлагдсан бодит үр дүнг гаргах зорилгоор долоодугаар сарын 26, 27-нд “Экологижсон газар тариалангийн зохистой дадал” сэдэвт сургалтыг Тайшир сумын нутагт зохион байгуулсан билээ. Сургалтаар үрсэлгээний газруудад практик дадалгуудыг явуулж, хувиараа газар тариалан эрхлэгч, ногоон байгууламж сонирхогч, аймгийн хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжилтнүүдийг хамруулсан юм.


Холбоотой мэдээ