Монголын багийн элч төлөөлөгч Хакүхо М.Даваажаргал багаа дэмжиж байна

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-07-29 11:18:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Токио-2020" Олимпын Монголын багийн элч төлөөлөгч, сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал баг тамирчдаа дэмжиж байна.


Энэ өдрүүдэд Их аварга Хакүхо М.Даваажаргал тэмцээнүүд дээр хүрэлцэн очсон бөгөөд Монголын багийн штабаар зочилж, арын албанд зүтгэж буй хүмүүстэй уулзан амжилт хүсэв.

Их аварга 7 дугаар сарын Нагоя башёд нэг ч уналгүй түрүүлж, олимпын багийнхандаа том бэлэг барьсан. Энэ нь түүний дээд зиндааны 45 дахь түрүү бөгөөд уг амжилт эвдэгдэхгүй байх хэмээн мэргэжилтнүүд таамаглаж буй.


Хүнд гэмтлийн улмаас жил гаруй хугацаанд түрүүлж чадалгүй өнжиж, зодог тайлах сануулга авч байсан гэдэг утгаараа энэ удаагийн түрүү илүү үнэ цэнэтэй байлаа.


Түүний аав, дархан аварга Ж.Мөнхбат 1964 оны Токиогийн олимпод оролцсон Монголын багийн гишүүн байсныг бид мэднэ. Аварга тэрхүү Олимпод медалийн төлөө өрсөлдөөд 8 дугаар байрт орсон бол 1968 оны Мехикогийн Олимпоос анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан түүхтэй. 


Хакүхо аварга Олимпын наадмын турш Монголын баг тамирчдад том нөмөр нөөлөг болох нь гарцаагүй.




Холбоотой мэдээ