Нартай бороотой 8 дугаар сар

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2021-07-30 13:41:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас 2021 оны 8 дугаар сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ.


Монгол Улсын нутаг дэвсгэрийг доорх дөрвөн бүсэд хувааж цаг агаарын  урьдчилсан мэдээг олон нийтэд хүргэдэг. Тэгвэл:

Баруун аймгуудад: (Баян- Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төвийн аймгуудад: (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)

Зүүн  аймгуудад: (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говийн аймгуудад: (Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь) гэж  тайлбарлажээ.  Дэлхийн цаг агаарын байгууллагаас олон жилийн дундаж (ОЖД) гэдэгт 1981-2010 оныг багтаасан байдаг. Цаг агаарын урьдчилсан мэдээ, мэдээллийн тулах цэг нь болдог энэ нэршил алхам тутамд хэрэглэгддэг тул тайлбар хийсэн бололтой.


ОЖД-аар наймдугаар сард тохиолдсон бүгчим шөнө (БШ)-ийн (Агаарын хамгийн бага температур олон жилийн дундаж утгаас дулаан байсан хоногийн тоо) тохиолдлын тоог үзүүлжээТухайлбал 1981–1999 оны наймдугаар саруудад нутгийн баруун өмнөд зах, төвийн нутгийн зарим, говийн аймгуудын өмнөд хэсэг болон зүүн аймгуудын нутгаар 22.3–35.6 удаа буюу харьцангуй олон БШ тохиолджээ. Бусад нутгаар 0–22.3 удаа тохиолдсон байх жишээтэй. Харин 2000 оноос хойш нийт нутгаар БШ–ийн тохиолдлын тоо илэрхий өсж ихсэх хандлага ажиглагдах болжээ.  


Тэгвэл 1981–2020 оны наймдугаар сард тохиолдсон хүйтэн шөнө (ХШ)-ийн (Агаарын хамгийн бага температур ОЖД утгаас хүйтэн байсан хоногийн тоо) тохиолдлын тоог үзүүлжээ. Тодруулбал8 1991–2020 оны наймдугаар сард баруун аймгуудын ихэнх, төв болон говийн аймгуудаар заримдаа 94.6–149.3 хүртэл буюу харьцангуй олон ХШ тохиолдсон байхад бусад нутгаар 40.0–67.3 удаа тохиолдсон байна. Харин 2000 оноос хойш ХШ–ийн тохиолдлын тоо харьцангуй цөөн  тэмдэглэгдсэн байна.


Наймдугаар сарын агаарын дундаж температур 2005–2016 оны хооронд 11 жил (2008 он ОЖД–ийн орчим) дараалан ОЖД–аас дээш буюу 1–3 хэм дулаан байж, өдөртөө төв, зүүн, говийн аймгуудын нутгаар 36–40 хэм хүрч халж байжээ. Харин 1981, 1988, 1993, 1996, 1998 онууд түүхэн дэх хамгийн хүйтэн буюу ОЖД-аас 1–3 хэм хүйтэн байсан аж. 


Сарын нийлбэр хур бороо Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар 60–100 мм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–30 мм, бусад нутгаар 30–60 мм ордог юм байна. Харин 1984–1987, 1989, 1991, 1999, 2003–2007, 2009–2019 онууд харьцангуй бага хур бороотой байжээ. Гэхдээ 1981–1983, 1988, 1990, 1993, 1995–1996, 1998, 2000, 2008, 2020 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу хур бороо  орсон гэж цаг агаарын энэ сарын урьдчилсан тоймд дурджээ.


Цаг агаарын үзэгдлийг тухайн аймаг, бүс нутгийн 30 хувь нь хамрагдахаар байвал “зарим газраар” гэсэн нэршлийг хэрэглэнэ. Харин 70 хувь хүртэл хувь хамрагдахаар байвал “ихэнх нутгаар”, түүнээс дээш хэмжээгээр хамрагдахаар байвал “нийт нутгаар” гэх утгаар ойлгох нь чухал юм байна.  


Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн нутаг, Увс, Говь-Алтайн баруун, Ховдын ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас дээр дурдсан нутгуудаар ОЖД–аас бага, Завханы зүүн өмнөд болон Баянхонгорын зүүн хойд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур, хур бороо 1 дүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, 3 дугаар арав хоногийн эхээр өмнөх үеэсээ 3–5 хэмээр сэрүүснэ. Харин 1 дүгээр арав хоногийн дунд болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 27-31 хэм хүрч хална. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй гэжээ.


Төвийн аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД-ийн орчим.  Хур бороо ихэнх нутгаар ОЖД–аас ахиу орох аж. Агаарын температур 1 дүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, 3 дугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр өмнөх үеэсээ 4–6 хэмээр сэрүүснэ. Мөн 3 дугаар арав хоногийн сүүлчээр уулархаг нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй гэжээ. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 25–29 хэм хүрч хална. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, 2 дугаар арав хоногийн сүүлч, 3 дугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэх боломжтой гэжээ.


Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–ийн орчим, Хэнтийн нутаг, Дорнодын баруун хэсэг, Сүхбаатарын баруун хойд хэсгээр ОЖД–аас хур бороо ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон 3 дугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр 3–5 хэмээр  сэрүүснэ. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр уулархаг нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэх магадлалтай. Харин нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар дулаарна. Сарын эхний арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө ширүүсч зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсэх магадлалтай гэжээ.


Говийн аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–ын орчим, Өмнөговь, Дорноговийн хойд хэсэг, Дундговь, Говьсүмбэр аймгуудын нутгаар ОЖД–аас хур бороо ахиу, бусад нутгаар ОЖД–ийн орчим байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5 хэмээр сэрүүснэ. Харин 1 дүгээр арав хоногийн сүүлч, 2 дугаар арав хоногийн дундуур ихэнх нутгаар 31–35 хэм хүрч хална. Сарын эхний арав хоногийн эхэн болон сүүлч, 2 болон 3 дугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсч 14–16 м/с хүрэх, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсч болзошгүй гэжээ

Холбоотой мэдээ