Манилад ирэх долоо хоногоос хатуу хөл хорио тогтооно

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-07-31 11:28:02

МАНИЛА. /Xinhua/. Филиппиний нийслэл Манила хотын бүсэд “COVID-19” халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэх болсонтой холбогдуулан ирэх наймдугаар сарын 6-20-нд хатуу хөл хорио тогтооно тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Харри Роке баасан гарагт мэдэгджээ.


Мөн Манилагийн бүсэд баасан гаргаас эхлэн ирэх долоо хоногт хатуу хөл хорио тогтоох хүртэл “хязгаарлалтын өндөржүүлсэн арга хэмжээнүүдийг” тогтооно гэж Х.Роке мэдээлжээ. Тодруулбал, зөвхөн зөвшөөрөлтэй оршин суугчдыг Манилагийн бүс болон ойролцоо оршдог Кавите, Булакан, Лагуна, Ризал муж руу орох, гарахыг зөвшөөрөх ажээ.


Шинэ хязгаарлалтуудын хүрээнд зоогийн газруудыг дотор болон гадаах талбайдаа үйлчлүүлэгч хүлээн авахыг хориглох бөгөөд зөвхөн авч явах, хүргэх үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрнө. Манилагийн бүсэд сүүлийн долоо хоногуудад халдварын тохиолдол эрс нэмэгдэх болсныг тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлэл харуулж байгаа юм. Тухайлбал, нийслэлийн 11 бүсэд халдварын тохиолдлууд нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байна.


Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн хувьд, COVID-19” халдварын үзүүлэлтүүд ийнхүү эрс нэмэгдэх болсонд коронавирусний хурдан халдварладаг “Дельта” хувилбар нөлөөлсөн хэмээн үзэж байна. Эрүүл мэндийн яам одоогоор уг хувилбараар халдварласан 216 тохиолдлыг илрүүлжээ. Мөн “Дельта” хувилбараар халдварласан найман өвчтөн нас барсан байна.


Филиппинд өнгөрсөн оны нэгдүгээр сард халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш улсын хэмжээнд илэрч буй халдварын тохиолдлуудын дийлэнх нь 13 сая гаруй оршин суугчтай Манилагийн бүсэд бүртгэгдсээр иржээ. Засгийн газар 2020 оны гуравдугаар сарын дунд үеэс хөл хориог анх тогтоосноос хойш филиппинчүүд янз бүрийн түвшний хязгаарлалтын арга хэмжээнүүдийг дагаж мөрдсөөр байна. 

Холбоотой мэдээ