АНУ-ын хүн амын 70 хувь нь вакцины эхний тунд хамрагджээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-08-03 10:19:29

ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-ын насанд хүрсэн хүн амын 70 хувь нь “COVID-19”-ийн вакцины эхний тунд хамрагдаад байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв даваа гарагт мэдээллээ. Ингэснээр Ерөнхийлөгч Жо Байдены долоодугаар сарын 4-нд хүрэхээр дэвшүүлээд байсан зорилтод нэг сар орчмын дараа хүрч байна.


Энэ оны тавдугаар сард Ж.Байдены дэвшүүлсэн зорилтыг Америкийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд нийтийн дархлаа тогтооход чухал алхам хэмээн тодорхойлж байсан юм. Нийтийн дархлаа гэдэг нь аливаа халдварт өвчний эсрэг үйлчлэх эсрэг биет хүн амын хангалттай хэсэгт үүсэхийг хэлдэг.


“Хүн амын 70 хувь нь вакцины эхний тунд хамрагдсан нь улс орны хувьд томоохон амжилт боловч үүнийг дээд цэг бус доод цэг хэмээн харах хэрэгтэй, ялангуяа илүү хурдан халдварладаг “Дельта” хувилбар тархах болсон энэ цаг үед” гэж холбогдох албаны мэргэжилтнүүд мэдээлжээ.


“Бид нийтийн дархлааг тодорхой түвшинд тогтоохын тулд хүн амын дор хаяж 80 хувь нь вакцины эхний тунг хийлгэх хэрэгтэй” гэж Хүнс, эмийн хяналтын газрын Вакцин, түүнтэй холбоотой биологийн бүтээгдэхүүний зөвлөх зөвлөлийн гишүүн, доктор Пол Оффит саяхан өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ. “Энэ бол өндөр халдвартай вирус” гэдгийг тэрбээр онцлон хэлсэн байна.


Мөн Аризона муж улсын нийслэл Финикс хотын “One Medical” эмнэлгийн гэр бүлийн эмч, доктор Наташа Бхуян, “Улсын хэмжээнд хүн амын 70 хувь нь вакцинд хамрагдана гэдэг нь ихээхэн ач холбогдолтой үзүүлэлт хэдий ч вакцинжуулалтын түвшин сул байгаа бүсүүд сэтгэл түгшээсэн асуудал хэвээр байна” хэмээн ярьжээ.


“Хэдийгээр энэхүү үзүүлэлт 70, 75 хувьд хүрсэн ч дүүрэг, хорооллуудын хэмжээнд 40-50 хувьтай байвал халдвар тархаж, голомт үүсэх эрсдэл байсаар байна. Бид хүн амын 70 хувь нь вакцинд хамрагдсаныг сайшаан тэмдэглэж болох ч сонор сэрэмжээ алдаж болохгүй” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв халдварын тархалт өндөр байгаа бүс нутаг дахь вакцинд бүрэн хамрагдсан америкчуудад амны хаалт зүүхийг зөвлөснөөс долоо хоног орчмын хугацаа өнгөрч байгаа юм. “CNBC” телевизийн тооцоогоор, энэхүү шинэ журам нь АНУ-ын хүн амын гуравны хоёрыг хамарч байгаа ажээ.


“Дельта” хувилбар вакцинд хамрагдаагүй хүмүүсийг хүндээр өвчлүүлж байгаа ч вакцин хийлгэсэн зарим хүн одоогоор тогтоогоод байгаагаас өндөр түвшний вирус тээн бусдад халдварлуулж болзошгүй гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга, доктор Рошель Валенски өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ. Мөн уг хувилбар вирусний өмнөх омгуудаас тэс өөр байна гэдгийг нэмж хэлсэн байна.


Америкийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд “Pfizer-BioNTech”, “Moderna”, “Johnson & Johnson” компанид гарган авсан вакцинуудыг “Дельта” хувилбараас, тэр дундаа хүндээр өвчилж, нас барахаас өндөр хувиар хамгаалж буйг мэдээлсээр байгаа юм. Гэвч сүүлийн саруудад улсын хэмжээнд вакцинжуулалтын хурд саараад байна.


АНУ-д өнгөрсөн ням гаргийн байдлаар өдөрт дунджаар халдварын 660 мянга орчим тохиолдол бүртгэгдэж байсан нь дөрөвдүгээр сарын дундуур гурван сая давж байсантай харьцуулахад бага боловч өмнөх долоо хоногийнхоос 14 хувиар өссөн үзүүлэлт юм. 

Холбоотой мэдээ