Олон улсын химийн олимпиадаас Монгол сурагчид 4 шагнал хүртлээ

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-08-03 10:25:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хэмжээний 53 дахь удаагийн химийн олимпиад Япон улсын Хигашиосака хотноо өнгөрсөн сарын 24-нөөс энэ сарын 2 хүртэл болж 85 орны 312 сурагч оролцсон байна. 


Химийн олимпиадаас Монгол Улсын баг 2 мөнгө, 1 хүрэл, 1 тусгай байрын шагнал авлаа. Тодруулбал, "Хөгжил" цогцолбор сургуулийн сурагч Б.Гэрэл, "Орчлон" сургуулийн сурагч О.Тэмүүжин нар мөнгөн медаль, "Хобби" сургуулийн сурагч А.Ирмүүн хүрэл медаль хүртэж, "Сант" сургуулийн сурагч Д.Бумчин тусгай шагналын эзэд болсон байна.


Олон улсын хэмжээнд зохион байгуулдаг үндсэн 6 олимпиад /математик, мэдээлэл зүй, хими, биологи, физик, газар зүй/ бий. Энэ жил манай сурагчид газар зүйгээс бусад 5 олимпиадад оролцож нийт 2 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авч байгаа бол 4 сурагч тусгай байрт шалгарлаа. Нэг жилд дунджаар 3-5 медаль хүртдэг байсан бол энэ жил Монголын сурагчид 19 шагнал хүртэж онцгой амжилт үзүүлж байна.


Цар тахалтай холбоотойгоор Улсын олимпиадуудыг цуцалж, олон улсын олимпиадын буухиаг таслахгүй байх зорилгоор сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан сурагчдаа сонгон шалгаруулж, бэлтгэж, дасгалжуулж, шаардлагатай төсөв санхүүжилтийг шийдвэрлэж ажиллажээ. 



Холбоотой мэдээ