Тунисын Ерөнхийлөгч дахин хоёр сайдаа огцруулжээ

Дэлхийд | Улс төр
anudaritsagaan@gmail.com
2021-08-03 11:42:13

ТУНИС. /Xinhua/. Тунисын Ерөнхийлөгч Кайс Сайед Ерөнхий сайд асан Хичем Мечичийн Засгийн газрын хоёр сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө гэж тус улсын Ерөнхийлөгчийн ажлын албанаас даваа гарагт мэдэгджээ.


Тамгын газрын мэдэгдэлд дурдсанаар, К.Сайед Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан сайд Али Кулиг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Сихем Боугдири Немессаг томилсон байна


Мөн Харилцаа холбоо, технологийн сайд бөгөөд Хөдөө аж ахуй, усны нөөц, загас агнуурын асуудал хариуцсан сайдын үүрэг гүйцэтгэгч Мохамед Фадель Крайемийг чөлөөлж, оронд нь Низар Бен Нежиг Харилцаа холбоо, технологийн яамыг хариуцуулахаар томилжээ.


Өмнө нь Ерөнхийлөгч К.Сайед Х.Мечичийг долоодугаар сарын 25-нд Ерөнхий сайдын албан тушаалаас нь чөлөөлж, Ардын төлөөлөгчдийн ассамблей буюу парламентын бүх үйл ажиллагааг түдгэлзүүлсэн юм.


Мөн дараагийн өдөр нь Батлан ​​хамгаалахын сайд Брахима Бертажи, Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Хасна Бен Слимане нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.


Үүнтэй холбогдуулан Засгийн газрын шинэ тэргүүнийг томилох, Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулах хүртэлх үеийг Ерөнхийлөгчийн тамгын газар болон яамдын Ерөнхий нарийн бичгийн дарга нар, захиргаа, санхүүгийн асуудал хариуцсан төлөөлөгчид хариуцаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ