Нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-08-03 14:30:01

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон найман мянган га талбайг нөхөн сэргээнэ” гэсэн зорилт тусгагджээ. Энэхүү зорилтыг үндэслэн Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтарсан “Нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай” тушаалаар батлагдсан “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээ хэрэгжиж байгаа аж.

Дээрх үйл ажиллагааны хүрээнд нөхөн сэргээлтийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн БОАЖГ-аас 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг гарган ажиллаж байна. Тухайлбал нөхөн сэргээлтийн төлөвлөгөө болон дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний хүрээнд хийгдэх нөхөн сэргээлтийг тус тус төлөвлөн батлуулж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байгаа ажээ. Энэхүү “Нөхөн сэргээлт-2024” арга хэмжээний хүрээнд Түшиг сумын “Шар нарст” ХХК, Ерөө сумын “Ди Зэт энд Ай” ХХК, “Баяжмал алт” ХХК, “Бугант нандин” ХХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллагууд нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн байна. Харин Сайхан сумын “Цемент Шохой” ХК, Хүдэр сумын “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК, Ерөө сумын “Капитал авто сервис” ХХК, “Болдтөмөр Ерөө гол” ХХК, “Инфинити спейс” ХХК, “Жинжий Майнинг” ХХК, “Монлидтрейд” ХХК, Мандал сумын “Пураам” ХХК, Баянгол сумын “Сонортрейд” ХХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллагууд нөхөн сэргээлт хийх бэлтгэл ажлаа хангаад байгаа аж. Цаашид ч эл нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа үргэлжлэн явагдах гэнэ.  



Холбоотой мэдээ