С.Өлзий: Увсад багийн даргын сонгууль хийсэн ганцхан сум манайх боллоо

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-08-03 15:45:27

Увс /МОНЦАМЭ/. Өмнөговь сумын Засаг дарга С.Өлзийтэй 2021 оны эхний хагас жилд сум орон нутагтаа хийсэн ажлынх нь талаар цөөн хором ярилцлаа.

-Танай сумаар сонин сайхан юу байна вэ? Он гарсаар ямар ажлуудыг сумандаа хийж хэрэгжүүлээд байна вэ?

-Тайван сайхан байна. Нэг хэсэг “Ковид-19”-тэй баахан зууралдлаа. Гэвч төрийн графикт ажлын хажуугаар шинээр сэдэж санаачилсан зүйлс цөөнгүй байна. Энэ дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих “Хүн” төвтэй хөгжлийн хөтөлбөр боловсруулан түүнийг бодит ажил болгохоор зүтгэж байна. “Хүн” төвтэй гэдэг нь “эрүүл хүн-ажил орлоготой хүн-боловсролтой хүн” гэсэн дараалсан “жанжин” бодлогод тулгуурлах ёстой гэж тооцсон.

   Наймдугаар сарын эхний долоо хоногт багуудын хурал хийж, оны эхний 7 сард хийсэн ажлаа иргэддээ тайлагнах гэж байна.

-Энэ онд санаачлан хийсэн шинэлэг ажлаасаа нэрлээч?

-Малын хөлийн татвар тогтоосон. Увсад багийн даргын сонгууль хийсэн ганцхан сум манайх боллоо. Мөн дахин дамжуулах станцын болон нэхий боловсруулах цехийн ажлыг эхлүүлсэн.

Тэрчлэн “Намир” төвийг ажилд орууллаа, сумын Эрүүл мэндийн төвийг цоо шинэхэн өнгөт эхо аппараттай болголоо. Айл өрхүүдийн хогийг ачих шинэ тогтолцоо бүрдүүлсэн. Сүсэгтний барилгын шав тавив. ХААН банкны байр их засварт орж байна. Сургууль хашаагаа тэлж, хүнсний ногоо тариалснаас гадна хичээлийн байраа засварласан. Цэцэрлэгийн хамт олон 100 буудалт даамыг 1000 ширхэг хийж айл өрхүүдэд тараахад бэлэн болголоо. Соёлын төв “Авьяаслаг-Өмнөговьчууд” уралдаан зарлаж бүртгэлжүүлэв. Баг, байгууллагуудын хооронд түншийн холбоо тогтоосон. Бүх байгууллагуудыг монгол бичгийн хаягтай болголоо гэх мэтээр тоочвол цөөнгүй ажил хийсэн байна.

-Цаашид хийхээр төлөвлөсөн ямар ажлууд байгаа вэ?

-Сумынхаа Эрүүл мэндийн төвд Эхо, мэс заслын эмч сургаж авахаас гадна эмнэлгийн барилгыг их засварт оруулна. Мөн цахилгааны шугамын шинэчлэл хийнэ. Намир багт 50-тын системийг нэвтрүүлнэ. Түүнчлэн сумын сүмийг ашиглалтад оруулна, цагдаад шинэ байр барина, уртын дууны наадам хийнэ, эмнэлгийг цусны шинжилгээний аппараттай болгоно гэх мэт ажлыг хийхээр төлөвлөөд байгаа.

-Баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

 

Холбоотой мэдээ