Чингис хаан музейн хананд хаадын болон овог аймгуудын 1000 гаруй тамга урлана

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-08-03 16:08:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгалийн түүхийн музейн буурин дээр Чингис хаан музейн барилгын ажлыг өнгөрсөн 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн. Одоогоор музейн чимхлүүр хэсэг болох засал, чимэглэлийн ажил 50 гаруй хувьтай хийгдээд байна.


Энд ажиллаж буй монголын урчууд өмнө нь Засгийн газрын ордны баримлуудыг хийж байжээ. Уран барималчид тамганы загварыг хийж, дархчуул зэс хөөмлөөр урлаж байгаа бөгөөд хаадын болон овог аймгуудын тамгыг хиймэл чулуугаар хийж, музейн ханан дээр байрлуулж байгаа юм. Өнөөдөр музейн зүүн талд овог аймгийн 1000 гаруй тамга урлахаас 300 орчмыг хийсэн байна.




Одоо музейн дотор засал, музейн үзвэр, үзүүлэн дэглэлт, витрин сав суулга, заал танхимуудын хуваарилалт, музейн менежмэнтийн төлөвлөгөө гээд хамгийн чимхлүүр, нарийн мэргэжлийн ажлууд үлджээ.


Тус музейд Хүннү гүрний хаан Модун Шаньюгаас Наймдугаар Богд Жавзандамба хутагт хаан ширээнээсээ буух хүртэлх үеийн Монголын хаадын түүхийг харуулахаар төлөвлөжээ. Төлөвлөсөн 3.300 мкв эдэлбэр газрын 2.500 мкв талбайд долоон давхар барилга төлөвлөснөөс 60 хувийг музейн үзмэр, үзүүлэг эзлэх бөгөөд үндсэн гурван хэсэг 15 байнгын үзмэрийн танхимтай байхаар зохион байгуулна.




Музейн барилгыг энэ жил Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяраас өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан ч амжаагүй. Эх сурвалжийн мэдээлснээр музейн барилгын ажлыг энэ сарын 25 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж.


Гэрэл зургийг Н.Батбаяр 

Холбоотой мэдээ