Цагаан хад, Гашуун сухайтын боомт халдваргүй бүс болов

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-08-03 16:33:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүсэд энэ оны 6 дугаар сарын 29-нөөс өнөөдрийг хүртэл КОВИД-19-ын халдварын тохиолдол гараагүй учир халдваргүй бүс болоод буйг аймгийн Засаг дарга Р.Сэддорж мэдээллээ. Ингэснээр тус бүс "Ногоон бүс" болж, нүүрс тээвэрлэлт хэвийн явагдах нөхцөл бүрдэж, тээвэр нэмэгджээ. Тодруулбал, зэсийн баяжмал тээвэрлэсэн 80 гаруй машин тогтмол явж, нүүрс тээврийн 193 жолооч өнөөдөр нэвтэрч байгаа бол маргааш 100 гаруй жолооч БНХАУ-ын хил рүү гарахаар бэлтгэж байна. Цаашдаа өдөрт 1000 автомашин нэвтрүүлэхээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймагтай хамтран ажиллаж байна гэв. 



Халдваргүй бүс болохын тулд өнгөрсөн хугацаанд Гашуунсухайт боомтын хамгаалалтыг нэмж ажиллуулан, орох гарах хөдөлгөөнийг бүрэн хорьжээ. Мөн тээврийн жолооч нарыг халдварын эсрэг шинжилгээ болон вакцинд хамруулж ажиллажээ. Шалган нэвтрүүлэх 2 цэгт шинжилгээ авах суурин цэгийг шинээр байгуулжээ. ХӨСҮТ-өөс тархвар судлаач 2 эмчийг татан авч, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллуулсан байна. Түүнчлэн тус бүсэд үйл ажиллагаа явуулдаг 30 аж ахуй нэгжийн 19 тусгаарлан ажиглах байрыг байнга хянаж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зөвлөмж өгч, урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэжээ. 

Мөн бусад газраас ирж буй жолооч нарыг Цогтцэций суманд 14 хоног тусгаарлаж байна. Энэ бүхний үр дүнд Цагаан хадын суурьшлын бүс болон Гашуунсухайтын боомт халдваргүй бүс болж нүүрс тээвэр нэмэгдэж байгааг Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдэгдэж байна. Учир нь Эрүүл мэндийн сайдын 456 дугаар тушаалд халдварын батлагдсан тохиолдлоос хойш 28 хоног өвчлөл бүртгэгдээгүй бол халдвар зогслоо гэж үзнэ гэж заасны дагуу дээрх газрууд халдваргүй бүс болж байгаа аж. 




Гашуунсухайт боомтод өмнө нь үүсээд байсан нүүрс тээврийн жолооч нар цар тахлын халдвар авах эрсдэлтэй байсан нөхцөл байдлыг Засгийн газраас томилсон төлөөлөгчдийн хамт ажлын хэсэг гарган зохицуулж ажилласнаар 6 дугаар сарын 29-нөөс өнөөдрийг хүртэл КОВИД-19-ын халдвар гараагүй, сүүлийн өдрүүдэд хийсэн шинжилгээгээр жолооч нарын хариу бүгд сөрөг гарчээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ПСР шинжилгээний явуулын 5 баг гарган суурьшлын бүсэд байгаа бүх иргэдийг шинжилгээнд хамруулжээ. 


Холбоотой мэдээ