Нийт зээлийн өрийн үлдэгдэл 10.3 хувиар нэмэгдэв

Монголын мэдээ | Эдийн Засаг
oyundelger@montsame.gov.mn
2021-08-03 17:23:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 6 дугаар сарын эцэст 19.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 898.9 (4.9 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 (10.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.


Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.5 (49.7 хувь) их наяд төгрөг нь иргэдийнх аж. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 2021 оны 6 дугаар сарын эцэст 16 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 1.1 (7.3 хувь) их наяд, өмнөх оны мөн үеийнхээс 1.6 (10.8 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 83.6 хувийг хэвийн зээлийнх эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.4 пунктээр нэмэгдсэн байна. 


Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 6 дугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 119.8 (9.1 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 182.7 (18.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.2 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.4 пунктээр  нэмэгдлээ.


Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл дээрх хугацаанд хоёр их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 67.9 (3.4 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 37.1 (1.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.2 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.8 пунктээр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Арилжааны банкнуудаас иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2021 оны 5 дугаар сарын эцэст 9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 215.6 (2.5 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 342.2 (4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв.

Иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдлийн 46.8 хувийг бизнес эрхлэх, 29.4 хувийг цалингийн, 8.3 хувийг малчны зээл, 6.8 хувийг хадгаламж, данс барьцаалсан зээл, 2.3 хувийг автомашины, 2.3 хувийг картын, 1.2 хувийг тэтгэврийн, 0.6 хувийг өрхийн хэрэглээний, 2.2 хувийг бусад зээл эзэлж байна. Иргэдийн зээлийн өрийн үлдэгдлийн хугацаандаа байгаа 8.2 их наяд төгрөгийн зээлийн 9.8 хувь нь 1 жилийн, 55.6 хувь нь 1-5 хүртэлх, 34.7 хувь нь 5 ба түүнээс дээш жилийн хугацаатай  аж.

Арилжааны банкнуудаас иргэдэд олгосон зээлийн эргэн төлөлт 2021 оны 5 дугаар сарын эцэст 1.3 их наяд төгрөгт болж, өмнөх сарынхаас 380.7 (41.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 451.7 (53.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв.


Зээлийн эргэн төлөлтийн 22 хувийг (285.9 тэрбум төгрөг) хадгаламж, данс барьцаалсан зээл, 14.1 хувийг (183.4 тэрбум төгрөг) малчны, 12.6 хувийг (163.6 тэрбум төгрөг) цалингийн, 6.6 хувийг (85.9 тэрбум төгрөг) картын, 2.9 хувийг (37.9 тэрбум төгрөг) тэтгэврийн, 0.9 хувийг (12.1 тэрбум төгрөг) автомашины, 0.4 хувийг (5.4 тэрбум төгрөг) өрхийн хэрэглээнд суурилсан, 40.5 хувийг (527.4 тэрбум төгрөг) бизнесийн бусад зээл эзэлж байна.


Жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээл 2021 оны 5 дугаар сарын эцэст 4.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 463.1 (10.4 хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеийнхээс 1.1 (29.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.

Жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн үлдэгдлийг эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар нь авч үзвэл, 34.2 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 12.8 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн, 10.8 хувь нь барилга, 4.3 хувь нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын, 3.7 хувь нь байр, сууц болон хоол хүнсээр үйлчлэх үйл ажиллагаа, 34.2 хувь нь бусад салбарынх аж.


Арилжааны банкнууд болон Монголын Ипотекийн корпорац (МИК)-аас иргэдэд олгосон ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 5 дугаар сарын эцэст 5.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 42.2 (0.8 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 410.6 (8.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Холбоотой мэдээ