Дэлхий даяар 4.2 тэрбум тун вакцин тарьжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-08-04 09:21:24

АНКАРА. /Anadolu/. Дэлхий даяар мягмар гаргийн байдлаар “COVID-19”-ийн 4.21 тэрбум гаруй тун вакцин тариад байна гэж Оксфордын их сургууль тэргүүтэй байгууллагуудын судлаачдын хөтөлдөг “Our World in Data” цахим хуудас мэдээллээ.


Тодруулбал, дэлхийн улс орнуудаас БНХАУ-д хамгийн олон буюу 1.69 тэрбум гаруй тун вакцин тарьсан бол 472.22 сая тун вакцин хийгээд буй Энэтхэг хоёрдугаарт жагсаж байна.


Мөн АНУ-д 346.92 сая, Бразилд 142.56 сая, Германд 92.38 сая, Японд 89.11 сая, Их Британид 85.34 сая, Францад 74.07 сая, Туркт 73.89 сая тунг тус тус тарьжээ.


"Our World in Data" цахим хуудасны мэдээллээр, дэлхийн хүн амын 28.6 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн бол 14.8 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ.


Ийнхүү дэлхийн хэмжээнд өдөрт 38.67 сая тун вакциныг тарьж байна. Харин бага орлоготой орнуудын иргэдийн ердөө 1.1 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн байна. 


"Bloomberg" агентлагийн мэдээллээр, хүн амаа COVID-19”-ийн вакцинд бүрэн хамруулсан үзүүлэлтээр АНЭУ дэлхийн улс орнуудыг тэргүүлж байгаа бөгөөд хүн амынх нь 78.5 хувь вакцинд бүрэн хамрагджээ.


Түүний араас Мальдив, Гринланд, Мальта, Кайманы арлууд, Бахрейн, Сейшелийн арлууд, Катар, Уругвай, Сингапур, Чили, Сан Марино, Канад, Исланд, Бермуд, Бутан, Дани, Бельги, Их Британи, Израил, Испани, Монгол, Нидерланд, Эх газрын Хятад зэрэг улс орон, бүс нутгууд хүн амынхаа 60 гаруй хувийг вакцинд бүрэн хамруулснаар эхний байруудад жагсаж байна.  


Цар тахал 2019 оны 12 дугаар сард анх дэгдсэнээс хойш дэлхий даяар 199.4 сая гаруй тохиолдол илэрч, халдварын улмаас 4.2 сая гаруй хүн нас барсныг Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээлэл харуулж байна.

Холбоотой мэдээ