Бохир ус цэвэрлэх үйл ажиллагааг чадавхжуулах төсөл хэрэгжинэ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-08-04 12:58:22

Дорноговь /МОНЦАМЭ/.Монгол Улсын Дорноговь аймаг Японы Шизуока муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн бохир ус цэвэрлэх үйл ажиллагааг чадавхжуулах төсөл” -ийн санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа  энэ оны наймдугаар сарын 03-нд цахимаар боллоо.

Дэлхий нийтэд тархаад байгаа "Ковид-19" цар тахлаас үүдэж  аймаг, муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх зарим ажлууд буюу  сурагч солилцооны хөтөлбөр,туршлага солилцох уулзалт зэрэг ажлууд хойшлоод байгаа юм.

Ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга О.Батжаргал, Шизуока мужийн захирагч Кавакацү Хэйта болон Японы ЖАЙКА байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико нар оролцсон байна.

ЖАЙКА” байгууллагын Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд дэмжлэг үзүүлж буй уг төслийг нутгийн өөрөө удирдах байгууллагаас дэвшүүлсэн төслийн саналд үндэслэн хамтран хэрэгжүүлэгч талын ноу-хау, мэдлэг чадварыг нутагшуулах чиглэлээр хоёр талын байгууллагууд 2024 оны гуравдугаар сар хүртэл гурван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.

Төсөл хэрэгжиж эхэлснээр аймгийн бүс нутгийн онцлогт тохирсон ахуйн хаягдал ус цэвэрлэх байгууламжийн инженер техникийн ажилчдын ур чадварыг сайжруулах зэрэг үйл ажиллагаа явагдах бөгөөд цаашлаад орон нутгийн оршин суугчдын эрүүл ахуй, орчны стандарт дээшилж, иргэд ая тухтай эрүүл орчинд амьдрах боломж бүрдэх олон талын ач холбогдолтой аж. 

Ташрамд дурдахад Азийн хөгжлийн банкны 3.6 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын хоёрдугаар багт 3000 м3 хүчин чадалтай нэгдсэн цэвэрлэх байгууламж шинээр барих "L3388-MON" төсөл хэрэгжиж байна.

Дорноговь аймаг, Япон Улсын Шизуока мужтай хамтын ажиллагаа тогтоосноос хойш арваад жилийн хугацаанд Японы Шизүока мужид 200 гаруй сурагч, 20 гаруй багш зочилж 60 гаруй төрийн албан хаагч туршлага судалжээ.

Холбоотой мэдээ