Соёлын дэд сайд Өвөрхангай аймагт ажиллалаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-08-04 14:05:14

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Өвөрхангай аймагт ирж ажиллалаа. Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдалтай танилцах, Засгийн газрын 2021 оны 168 дугаар тогтоолын дагуу орон нутагт соёлын нэгж байгуулах талаар арга зүйн зөвлөмж өгөх зорилгоор Завхан, Архангай, Өвөрхангай, Банхонгор аймгуудад ажиллаж яваа юм.

Аймийн Засаг дарга А.Ишдорж, Засаг даргын орлогч И.Доржсүрэн болон боловсрол, соёлын салбарын удирдлага, мэргэжилтнүүд тус ажлын хэсэгтэй уулзаж, аймаг, орон нутагт соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга хэлэхдээ “Өвөрхангай аймаг түүх, соёлын өлгий нутгийн хувьд улсдаа үлгэр жишээ болохуйц томоохон музейтэй байх зорилтыг дэвшүүлж, энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Музейн дэглэлт, зохион байгуулалтыг хийх, дижитал, виртуал  болгоход Соёлын яамны дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна” хэмээв.

Мөн Гандантэгчинлин хийдийн харьяа, Хархорин сум дахь Баруун Шанхын хийдийг сэргээн засварлахад харьяалын болон санхүүгийн асуудал тулгамддаг тухай хэлж, хэрэв аймгийн мэдэлд шилжүүлчихвэл наад зах нь харуул хамгаалалтын асуудлыг шийдмээр байгааг дуулгалаа.

Уулзалтын үеэр Өвөрхангай аймагт Соёлын хэлтэс байгуулах асуудлаар ярилцаж, орон нутгийн соёлын ажилтнуудыг мэргэшүүлэх, дахин сургалтад хамруулах зэрэг тодорхой ажлуудыг зохион байгуулахаар болов.

Холбоотой мэдээ