Төв Ази дахь хамгийн олон хүн чулуутай цогцолбор

Монголын мэдээ | Соёл урлаг
munkhbaatar@montsame.gov.mn
2021-08-04 15:55:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс төдийгүй Төв Азид хамгийн олон буюу 30 гаруй хүн чулуутай Өнгөтийн цогцолбор дурсгал нь нийслэлээс баруун зүгт 80 гаруй км-ийн зайтай, Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Хустайн нурууны өвөрт оршдог.


Энэ цогцолбор нь Монгол нутагт төр улсаа байгуулж байсан Түрэгийн хаант улсын үед буюу VI-VIII зуунд хамаарагдах соёлын өв юм. Тус цогцолборт хүн чулуунаас гадна арслан, аргаль хонины чулуун дүрс бий.




Түүнчлэн цогцолбор дотор тайлга, тахилгын ширээ бололтой дөрвөлжлөн босгосон ханан хээ бүхий чулуун хавтангууд байдаг юм байна. Цогцолбор хөшөөнөөс зүүн урагш 2.1 км-ийн зайд 552 ширхэг балбал чулууг мөн зэллэн байрлуулжээ. 



Тус цогцолборыг Хустай төв 2001 оноос хойш одоог хүртэл хамгаалах ажлыг сайн дураар гүйцэтгэж байна. Тус төвөөс цогцолборыг 1976, 1978 онуудад малталт хийгээд буцааж сэргээлгүй хэвээр орхисон байсныг 2005 онд хуучин хэвэнд нь оруулж, сэргээн хайсаар хашаалжээ.



Мөн 2007 онд боржин чулуун хөшөөнүүдэд тусгай зориулалтын шингэн гаднаас нь нэвчүүлэн бэхжүүлж 2009 онд балбал чулуунуудыг босгож суулгах ажлыг гүйцэтгэсэн байна.



Өнгөтийн дурсгалд явуулсан малтлага судалгаагаар морин цэргийн довтолгооноос хамгаалах зорилготой, дөрвөн хурц үзүүртэй, яаж ч шидсэн нэг үзүүр нь дээш харж унадаг “шөрөг” хэмээх төмөр өргөсөн зэвсэг олон тоотой илэрсэн юм. Түүнчлэн уг цогцолборт явуулсан малтлага судалгаагаар дээврийн ваар зэрэг барилгын хэрэглэгдэхүүн олон гарсан нь энд дээдсийн тахилын сүм байсныг гэрчлэх ба малтлагын явцад бас чулуун хашлагыг тойрон байрласан 13 модон баганын суурь илэрсэн нь үүнийг давхар нотолж байна.



Соёлын өвийн төвөөс Өнгөтийн цогцолборын чулуун дурсгалуудыг 2006 онд бэхжүүлэх ажлыг хийж гүйцэтгэжээ. 



Уг цогцолбороос хойд зүгт 10 гаруй км-ийн зайд байрлах Хустайн нурууны өвөр дэх Уртын ам хэмээх газарт нэгэн буган чулуу буй. МЭӨ II мянган жилийн дундаас МЭӨ I мянган жилийн хооронд хамаарагдах энэхүү буган хөшөө нь 3 талдаа тод буган дүрслэлтэй, дөрвөлжин чулуун хашлага бүхий эртний хиргисүүрийн аманд баригдсан байгаа юм.




Гэрэл зургийг: Б.Чадраабал, Д.Төмөрхуяг

Холбоотой мэдээ