Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг сунгалаа

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-08-06 09:53:42
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой комиссын шуурхай штаб 8 дугаар сарын 4-нд хуралдаж, цар тахлын үеийн нөхцөл байдлын тухай хэлэлцэн, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг сунгалаа.

7 дугаар сарын 1-нд хуралдсан аймгийн Онцгой комиссын 19 дүгээр хуралдаанаас 8 дугаар сарын 31-нийг дуустал гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, диско баар, цахим тоглоом, хүүхдийн тоглоомын газар, үзэсгэлэн худалдаа, хурим найр, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглож, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг 08:00-21:00 болгон  хязгаарласан байсан.  

Энэхүү хязгаарлалтыг хийхдээ сумын Онцгой комиссын шуурхай штабын дарга худалдаа, үйлчилгээний байгууллагуудын удирдлагатай хариуцлагын гэрээ байгуулж, холбогдох байгууллагууд хяналт тавин ажиллаж байсан юм.

Аймгийн Онцгой комиссын шуурхай штабын хурлаар дээрх байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин, ашиг орлогыг нэмэгдүүлэх үүднээс тэдгээрийн ажиллах цагийн хуваарийг 08:00-00:00 цаг хүртэл сунгахаар шийдвэрлэж, хариуцлагын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан ажиллахыг Сумдын засаг дарга нарт чиглэл болгожээ.

Холбоотой мэдээ