Нярайн эрчимт эмчилгээнд зориулсан тоног төхөөрөмжүүд өгчээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-08-14 14:37:17

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт JCI байгууллагын “SAVE ANGELS” төсөл хэрэгжиж эхэллээ гэж аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээлэв.

-“Төслийн хүрээнд нярайн нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдлээ. Мөн бусад төслийн хүрээнд эх баригч, эмч, мэргэжилтнүүдэд сургалт явуулна. Ингэснээр сүүлийн үеийн шаардлагатай тоног төхөөрөмжүүд дээр ажиллах эмч мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах юм. “SAVE ANGELS” төслийн 105  сая төгрөгийн үнэ бүхий дээрх тоног төхөөрөмжүүд нь  нярайн эрчимт эмчилгээнд нэн чухал төхөөрөмжүүд юм. Цаашид тус аймагт нярайн эндэгдэл гарах эрсдэлээс хамгаалж чадна” гэв. Ташрамд Аймгийн 50 ортой Амаржих газарт өдөрт дунджаар 5-8 эмэгтэй төрдөг. 15 ортой эмэгтэйчүүдийн тасагтаа төрөх насны эмэгтэйчүүдийг оношилж, хэвтүүлэн эмчилж байна.  

Орон нутагт нярайн эрчимт эмчилгээний багаж хүрэлцээ муу байдаг

JCI Монгол байгууллагын залуусын санаачилгаар  2015 оноос эхлэн нярайн эндэгдлийг буруулах зорилготой Save Angels төсөл зургаа дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.

Тус байгууллага 2015 оноос эхлэн нярайн эндэгдлийг бууруулах хөтөлбөрийг санаачлан эхлүүлж, хөтөлбөрийн хүрээнд тогтвортой урт хугацаанд шат дараалсан төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байна. “Save Angels” хөтөлбөрийн хүрээнд эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах Улаанбаатар хот дахь төв эмнэлгүүдтэй хамтран ажиллаж тэдгээр эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлажээ. Тухайлбал хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын тусгай зориулалтын автомашин, дутуу болон бага жинтэй нярайн эмчилгээ сувилгааны чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор нярайн эрчимт эмчилгээний тасгийг шинэчлэн зохион байгуулсан байна. 2021 онд тус байгууллага орон нутгийн амаржих газруудад эх нярайн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэхэд анхааран ажиллаж байна. Ялангуяа хөдөө орон нутагт дутуу болон бага жинтэй нярайд шаардлагатай тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу байдаг. Тэгвэл тус төслөөс манай аймгийн Амаржих газарт нярайн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг хандивлаад буй нь цаг үеэ олсон ажил боллоо гэж аймгийн Нэгдсэн эмнэлгээс нэмж дуулгав.  

Холбоотой мэдээ