Дорноговь аймгийн 30 оюутанд тус бүр сая төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг олгоно

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-08-31 13:42:24

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгаас сонгогдсон Улсын Их хурлын гишүүн Т.Энхтүвшингийн санхүүжилтээр орон нутагт боловсон хүчин бэлтгэх зорилгоор 2021-2022 оны хичээлийн жилд Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургуулийн нэгдүгээр курсэд анхлан суралцах Дорноговь аймгийн 30 оюутанд тус бүр 1.000.000 төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг олгохоор болжээ.

Сургалтын төлбөрийн дэмлэгт зорилтот өрхийн болон амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой байх, Дорноговь аймгийн харьяат, Дорноговь аймагт ерөнхий боловсролын сургууль төгссөн байх, орон нутагт нэн шаардлагатай мэргэжлээр суралцахаар элсэн орсон байх, шинээр элсэгчийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 550-аас доошгүй байх зэрэг шаардлага тавьжээ.

2020-2021 оны хичээлийн жилд УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингийн сургалтын төлбөрийн дэмжлэгт хамрагдсан Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцагчийн голч оноо 3.0-аас доошгүй байх бөгөөд нийгмийн идэвх сайтай, сахилга баттай байх, эргэж орон нутагтаа ажиллах боломжтой байх юм.

Сургалтын талбөрийн дэмжлэг хүссэн оюутнууд сургалтын төлбөрийн дэмжлэг хүсэгчийн гар өргөдөл, цахим анкет /Татах холбоос https://we.tl/t-z7GdKttWZd /, иргэний болон оюутны үнэмлэхийн хуулбар, бүрэн дунд боловсролын гэрчилгээ,элсэлтийн ерөнхий шалгалтын онооны батламж /550-аас доошгүй/, их дээд сургуульд суралцаж байгааг гэрчлэх баримт бичиг бүрдүүлнэ.

Мөн сургуулийн тодорхойлолт, сумын Засаг даргын тодорхойлолт /Зорилтот өрх болон амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготойг нотлох/, томоохон олимпиад, уралдаан тэмцээн, нутгийн болон нийгмийн сайн сайхны төлөөх ажилд оролцож байсан, амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбаруудыг бүрдүүлнэ.

Сургалтын төлбөрийн дэмжлэгт тавигдах шаардлагыг хангасан суралцагчийн материалыг энэ оны наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 03-ныг дуустал УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингийн ажлын албаны enkhtuvshinonbt@gmail.com хаягаар хүлээн авах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 91149113, 99143813 утсаар авч болох аж. 

Холбоотой мэдээ