Төрийн албан хаагчдыг дахин шинжилгээнд хамруулна гэв

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-09-02 15:43:18

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга А.Ишдорж сэтгүүлчдэд цаг үеийн мэдээллийг өгч, сонирхсон асуултуудад хариуллаа.

Ковидын өндөр эрсдэл дунд хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлж байгаа нь хүүхдүүдийнхээ мэдлэг боловсрол, сэтгэлзүй, ирээдүйг бодолцсон шийдвэр бөгөөд хүн бүр хариуцлагатай хандаж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах ёстойг тэрээр онцлов. Удаан хугацаанд уулзаагүй анги, хамт олон бөөнөөрөө гудамж талбайгаар сэлгүүцэх явдал их байгаа нь эрсдлийг нэмэгдүүлж байгаа учраас эцэг, эхчүүд үр хүүхдүүддээ онцгой анхаарал тавьж, учирлаж ойлгуулах шаардлагатай байгааг хэллээ.

Зарим төрийн байгууллагууд хамт олноороо халдвар авч, хаалгаа барихад хүрч байгаа тул төрийн албан хаагчдыг дахин түргэвчилсэн шинжилгээнд хамруулах, зах худалдааны төвд ариутгал халдваргүйтгэлийг хийхээр болжээ. Халдварын тархалт нэмэгдэж байгаа ч хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагааг дэмжин зарим үйлчилгээний газруудын ажиллах зөвшөөрлийг олгосон. Гэвч цаашид нөхцөл байдлаас хамааран шийдвэр гаргана гэлээ.  

Уулзалтын үеэр өвөлжилтийн бэлтгэл ажил, ургац хураалт, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын ажлын явцын мэдээллийг өгөв.

Ой тэмдэглэх эсэх талаар сэтгүүлчийн асуултанд хариулахдаа “Энэ жил аймгаас гадна 7 сум тэгш ойтой. Аймаг, сумын хэмжээнд ой тэмдэглэхгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Баяр наадмын төсвийг хэмнэж, 500 гаруй сая төгрөгөөр эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмж аван эмч ажилчдыг урамшуулсан” хэмээлээ. 

Холбоотой мэдээ