Өсвөр насны 13 иргэний ялаас өршөөн хасаж сулласан байна

Монголын мэдээ | Хууль
uransolongo49@gmail.com
2021-09-03 15:06:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өршөөн хэлтрүүлсэн хэргийг гэмт хэргийн зүйлчлэлээр задалбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1436 буюу 74.0 хувийг эзэлж байгаа бол үүн дотроо хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 58.6 хувийг дангаараа эзэлж байна.


Хэвлэлийн бага хурлаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилт, шүүхийн шийдвэрийн талаар Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэрьяа, Шүүхийн захиргаа, удирдлагын газрын Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг нар мэдээлсэн юм.


Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Биндэрьяа хэлэхдээ, “Өршөөл үзүүлэх тухай хууль энэ оны долдугаар сарын 2-нд батлагдаж, долдугаар сарын 6-наас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Нийт гурван төрлийн эрүүгийн хэргээр ял аваад байсан хүмүүс энэ хуульд хамрагдсан. Өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагыг зааж өгсөн. Гол хэргүүдийг дурдвал, бусдын эд хөрөнгийг залилсан залилангийн гэмт хэрэг, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, тээвэрлэх, борлуулах, хадгалах, илгээх гэмт хэрэг, албан тушаалын гэмт хэрэг өршөөлийн хуульд хамрагдахгүй. Хуульд зааснаар эрүүгийн хариуцлага өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн хэрэгсэхгүй болсон хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирол, хор уршгийг барагдуулах, нөхөн төлүүлэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн дагуу нөхөн төлүүлнэ гэж заасан. Хохирогч хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргаж, хохирлоо барагдуулна” гэв.




Энэ үеэр Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг өршөөлийн хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулав.

Өршөөлд үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйл буюу эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх энэ заалтын хүрээнд хорих ялаас 253 этгээд, торгох ялаас 1134 этгээд зорчих эрхийг хязгаарлах ялаас 15 этгээд, нийтэд тустай ажил хийлгэх ялаас 302 этгээдийг эдлээгүй буюу гүйцэтгэгдээгүй үлдсэн хэсгийг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн байна.


Нэмэгдэл ялын шинжтэй оногдуулсан 150 хүнийг эрх хасах нэмэгдэх ялаас, 43 хүнийг ял оногдуулахгүй өршөөн хэтрүүлж шийдвэрлэсэн байна. Ийнхүү Өршөөл тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээр 1897 этгээдийг өршөөн хэлтрүүлж, шийдвэрлэжээ.


Хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн 253 /эмэгтэй 7, эрэгтэй 245/ хүний 160 буюу 63.3 хувь нь анх удаа, 50 буюу 19.8 хувь нь хоёр дахь удаагаа ял шийтгэгдсэн, 43 буюу 16.9 хувь нь гурваас дээш удаа ял шийтгэгдсэн болон насанд хүрээгүй нэг иргэн байна.


Торгох ялаас өршөөн хэлтрүүлсэн 1134 /эмэгтэй 199, эрэгтэй 935/ хүний 821 буюу 72.4 хувь нь анх удаа ял шийтгүүлж буй иргэн, 242 буюу 21.4 хувь хоёр удаа ял шийтгүүлж буй иргэн, 71 буюу 6.2 хувь гурваас дээш удаа ял шийтгүүлсэн иргэн тус тус эзэлж байна.


Зорчих эрхийг хязгаарлах ялаас өршөөн хэлтрүүлсэн 15 /эмэгтэй 1, эрэгтэй 14/ иргэдээс анх удаа ял шийтгүүлж буй иргэн 11 буюу 73.4 хувь нь, хоёр болон гурваас дээш удаа ял шийтгүүлж буй иргэн хоёр буюу 13.3 хувийг тус тус эзэлж байна.


Нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлсэн 302 /эмэгтэй 28, эрэгтэй 273/ этгээдээс анх удаа ял шийтгүүлж буй иргэн 215 буюу 71.2 хувь, хоёр удаа ял шийтгүүлсэн этгээд 52 буюу 17.2 хувь нь, гурваас дээш удаа ял шийтгүүлсэн этгээд 35 буюу 11.6 хувийг тус тус эзэлжээ.


Мөн өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-6.4 дэх хэсэгт зааснаар 602 ялтны  эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хассанаас 166 ялтан суллагдсан байна.  Суллагдсан ялтнаас эмэгтэй 16, эрэгтэй 137, насанд хүрээгүй 13 хүн байна. Анх удаа гэмт  хэрэг үйлдсэн 90, урьд 2 удаа гэмт хэрэг үйлдсэн 58, урьд 3 ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдсэн  16 ялтан байна. 


Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт насанд хүрээгүй 7 хүн  хамрагдаж эдлээгүй үлдсэн ялаас хоёр жилийг хасаж, үлдэх ялаа эдэлж байна. Уг насанд хүрээгүй  7 хүнээс 5 нь хулгайн, 2 нь залилангийн гэмт хэрэг  үйлдэж ял шийтгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-6.4 дэх хэсэгт нийт 602 ялтан хамрагдсанаас 166 ялтан нь суллагдаж, 436 ялтан үлдэх ялаа эдэлж байна. Мөн өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй 7 хүний ялаас 2  жилийг өршөөн хассан бол өсвөр насны 13 хүнийг ялаас өршөөн хасаж сулласан байна.  

Холбоотой мэдээ