Ц.Энх-Амгалан: "Хариуцлагатай нүүдэлчин" стандартаар баталгаажсан сарлагийн арьсан бөмбөг мянгыг авах санал Швейцараас ирсэн

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-09-08 13:42:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарын Хөгжлийн агентлаг ХХААХҮЯ хамтран манай улсад "Ногоон алт-Малын эрүүл мэнд" төсөл хэрэгжүүлээд дуусаж байна. Энэ төслийн үр дүнгийн талаар төслийн менежер, зохицуулагч Ц.Энх-Амгалангаас тодрууллаа. 


-"Ногоон алт-Малын эрүүл мэнд" төслийг ХХААХҮЯ-нд хүлээлгэн өгсөн. Энэ төслөөс манай улсад юу үлдэж байна вэ?

-Бэлчээрийн талаарх малчдын хандлага өөрчлөгдсөн гэж бид үзэж байгаа. Малчид бэлчээр нутгаа хариуцлагатай ашиглах ёстой юм гэдгийг ойлгосон. Хоёрт, манай улс бэлчээрийнхээ төлөв байдлын өөрчлөлт, цөлжилтийн байдлыг олон улсын хэлээр, олон улсад ойлгогдох, тэр хүлээн зөвшөөрсөн аргачлалаар гаргаж чаддаг болсон. Эцэст нь, дэлхийн зах зээлд нүүдлийн мал аж ахуйн ялгаатай онцлог байдлыг харуулж бас баталгаажуулж чадах "Нүүдлийн МАА-н тогтвортой байдлын стандарт"-ыг гаргасан. Манай улсад малын гаралтай бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн үйл явцын процессын стандарт гэж байдаггүй явж иржээ. 




-Энэ стандартын онцлог юунд оршиж байна вэ?

-"Нүүдлийн МАА-н тогтвортой байдлын стандарт" нь тухайн малын түүхий эд соргог, эрүүл бэлчээрээс гаралтай эсэх, байгаль орчинд ээлтэй үгүй юу, малчин хэр хариуцлагатай хандав гэсэн малчны хотноос үйлдвэрийн хаалга хүртэл ямар шат дамжлагаар дамжин ирэв гэдгийг гаргаж өгч байгаа юм. Дэлхийд олон улс орон Тогтвортой байдлын олон стандартыг гаргаж байна. Түүн шиг манайх нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг орны хувьд энэ талын стандартыг гаргах хэрэгтэй гэдгээр бид ажиллаж дээрх стандартыг гаргалаа. Олон улсын худалдаа, бизнес эрхлэгч нар болон эрдэмтэн, ХАА-н мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцаж байхад тэд, "Хэрэв нүүдлийн мал аж ахуйн тогтвортой байдлын стандарт гэж байдаг бол тэр нь Монголоос л гарна" гэдгийг их хэлдэг. 

Энэхүү байдал, боломжийг бид ашиглаж  "Нүүдлийн МАА-н тогтвортой байдлын стандарт"-ыг гаргахын төлөө ажилласан. Зөвхөн "Ногоон алт-Малын эрүүл мэнд" төслөөр төдийгүй, ХХААХҮЯ оролцож, Монголын эрдэмтэн судлаач, МАА-н салбарын мэргэжилтнүүд энэ ажилд оролцож хамтран ажиллалаа. Энэ стандартыг Стандартчилал хэмжил зүйн газар батлаад байна. Одоо харин үүнийгээ яаж хэрэгжүүлэх гэдэгт төр, засаг анхаарч манлайлаад ажиллавал болох гээд байгаа юм. 




-"Ногоон алт-Малын эрүүл мэнд" төслийг ХХААХҮЯ-нд хүлээлгэснээр цаашид нь яаж үргэлжлээсэй гэж бодож байна. Юу хиймээр байна гэдэг дээр саналаа хэлнэ үү?

-30 жил алдагдсан бэлчээрийн зүй зохистой ашиглалтыг төрийн бодлогод тусад нь гаргаж тавьмаар байна. Мөн хөдөө, орон нутагт мал маллахаас гадна өөр  ажлын шинэ байрыг бий болгоход хаана хаанаа, хэн хүнгүй анхаарах цаг болжээ. Үнэндээ өнөөдөр хөдөөд хэн ажиллаж байна гэвэл малчид байна, сумын төвийн хэдэн албан хаагч л байна. Өөр ажлын сонголт алга байна шүү дээ. Тиймээс зөвхөн малчин гэхгүй, малаас гарч буй түүхий эдийг бэлтгэн нийлүүлж, боловсруулах тал дээр орон нутагт жижиг ажлын байр олныг бий болгомоор харагдсан. Жишээ нь, мал аж ахуйд малын тэжээл бэлтгэх газар тариалан эрхэлж, байгалийн цэвэр органик хүнсний үйдвэрлэл дээр ажлын байр гаргах тал дээр төрийн бодлого үгүйлэгдэж байна. 




-Танай төсөл анх юунаас үүдэлтэй эхэлсэн бэ? 1999-2000 оны зудны үеэр малчдад тусалснаас эхтэй гэдэг. Гэхдээ бэлчээр рүү яагаад орох болсон бэ?

-Тэр үеийн зудтай холбоотой эхэлсэн. Тухайн үед ШХА НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран малчдад бэлэн мөнгө өгч, хүнс, тэжээлээр тусалж байсан. Гэхдээ бид зуд болохын үндсэн шалтгаан болох бэлчээрийн талхагдал, малчдын амьдрал ахуй, цаашлаад нийгэм, эдийн засаг гээд олон зүйлд ихээхэн нөлөөлж байгааг анхааралдаа авъя, өөрчилье гэсэн санал санаачилгаар энэ төслийг эхлүүлсэн юм. Монгол орны нийт нутгийн 70 хувийг эзэлж буй бэлчээрээс нүүдлийн мал аж ахуй 100 хувь хамаардаг, мал аж ахуйгаас үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүн гардаг гэдэг утгаар мал аж ахуй Монгол Улсын эдийн засгийн нэг том тулгуур суурь болж буй гэдгээр, мөн байгаль орчин талаасаа бүх юмны үндэс болж буй учир бэлчээр рүү хандъя гэсэн санаачилгаар эхэлсэн юм. 




"Ногоон алт" гэдэг манай төслийн нэр ч үүнээс үүдэлтэй. Анх энэ нэрийг их сонин өгсөн. Бид бэлчээрийн эко удирдлагын систем гэж ярьж эхэлж байх үед Швейцараас ирсэн нэг эрдэмтэн, "Явж явж танай энэ дахин нөхөн сэргээгдэх бэлчээр нутаг энэ чинь Монголын жинхэнэ алт юм шүү" гэж хэлснээр бид хэлэлцэж зөвшөөрөөд нэрлэсэн юм. Одоо "Ногоон алт" гэж хэлэхээр малчид шууд бэлчээр гэж ойлгон хүлээн авдаг болсон. 

Эргээд хэлэхэд тэр үед бэлчээрийн төлөв байдлын талаар эхэн үедээ эрдэмтэн судлаачдын дунд зөрөөтэй ойлголттой, их маргаантай сэдэв байсан учир юуны өмнө бэлчээрийн доройтлыг шинжлэх ухааны үндэстэйгээр нэгтгэж цэгцэлж мэдээлжүүлье гэдэг үүднээс бас энэ төсөл эхэлсэн юм. Бидний гаргаж ирэн төлөвшүүлж буй бэлчээрийн төлөв байдлын шилжилт гэдэг ухагдахуун нь бэлчээрийн нэг төлөв байдлаас нөгөөд шилжихэд ямар шинж тэмдэг ажиглагдаж, үүний дагуу ямар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлчээрийн доройтол ямар түвшинд байгааг шинжих байдлаар гаргаж ирж байгаа юм. 




-Бэлчээрийн талаар эрдэмтэн мэргэжилтнүүд зөрөө ойлголт, маргаантай явж ирсэн нь юутай холбоотой байв. Танайхаас хийж буй судалгааны онцлог юу вэ? 

-Зөрөөтэй ойлголт нь шилжилтийн үетэй холбоотой болов уу. Зах зээлд шилжихээс өмнө манай улсад МАА-н хүрээлэн дээр Бэлчээр, тэжээлийн сектор ажиллаж, бүхэл бүтэн эрдэмтдийн баг гаран бэлчээрийг ургамалтай нь, хөрс, тэжээлтэй нь бүхэлд нь маш нарийн, сайн судалж шинжилдэг, арга нь хүртэл их зөв байсан юм билээ. Бэлчээрээ сайн ашиглаж буй малчдын туршлага дээр үндэслэн судалж, шинжлэх ухаанаар баяжуулан бататгаад буцаагаад амьдралд нэвтрүүлдэг, маш зөв хандлагатай явж ирсэн юм. Нэг ёсондоо ХАА, мал аж ахуй, бэлчээрийн асуудал төрийн бодлогын төвд байсан тэр байдал нийгэм өөрчлөгдсөнөөр байхгүй болж, сүүлийн 30 жилд алдагдаж хаягдаж ирсэн. Бодлого байхгүй, төсөв байхгүй, бэлчээрийг хариуцдаг байгууллага ч байхгүй байна. 


Сүүлийн 30 жилд манай улсад бэлчээрийн талаарх төрийн бодлого алдагдаж орхигдож ирснийг сэргээж тавимаар байна.


Манайхаас хийж буй судалгааны онцлог гэвэл нэлээн богино хугацаанд, илүү тоон үзүүлэлтээр хэмжиж тухайн бэлчээр нутгийн доройтсон төлөв байдлын хандлагыг гаргаж байгаа юм. Нэг ёсондоо шилжилтийн загварыг малчнаас эхлээд аймаг, орон нутгийн удирдлага, төр, засагт гаргаж өгч байгаа юм. 


-Судалгааны аргачлалын хувьд?

-Энэ нь шийдвэр гаргагч нарт зориулсан, бэлчээрийн төлөв байдлын менежмент, хэрэглээний судалгааны сүүлийн үеийн шинэ аргачлал юм. Энэ аргыг гаргахын тулд бид Австрали, Шинэ Зеланд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны гээд олон орны бэлчээрийн төлөв байдлын хандлагыг гаргадаг сүүлийн үеийн аргачлалаар судалгааг хийсэн. Судалгааг бэлчээр дэх унаган ургамлын өөрчлөлт, талхлагдаж гишгэгдсэн халцгай газрын хэмжээ, бэлчээрийн бүтээмж буюу нэг га дахь өвс ургамал, ургацын хэмжээ гэсэн үндсэн 3 үзүүлэлтээр гаргадаг юм. Энэ бүгдийг нь тоон үзүүлэлт буюу хувь процентоор гаргаж байгаа. Энд алдаа магадлал маш бага юм. Дээрх 3 үзүүлэлтээр ерөнхийдөө тухайн бэлчээрийн төлөв байдал, доройтлыг маш богино хугацаанд тодорхойлон гаргаж байгаа. 




-Танай төсөл "Ногоон алт"-аас гадна малын эрүүл мэндийн гэж явж ирсэн. Энд мал эмнэлэг хэрхэн холбогдож байна вэ?

-Малын эрүүл мэнд нь бэлчээрийн даац яагаад хэтэрч буйтай яалт ч үгүй холбогдож ирдэг. "Нүүдлийн МАА-н тогтвортой байдлын стандарт"-ын шаардлагаар бол мал эрүүл байж түүхий эд, бүтээгдэхүүн чанартай, стандарт хангасан байх ёстой. Тиймээс яг малчдад хүрч буй мал эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай байх талаас бид ажиллаж ирлээ. 


-Та түрүү нүүдлийн МАА-н бүтээгдэхүүний стандартыг гаргаж тогтоогоод байна гэсэн. Энд сарлагийн арьсаар хийж буй хөлбөмбөгийн бөмбөг бодит жишээ болж байгаа байх. Олноор нь үйлдвэрлэж эхэлсэн үү?

-Нүүдлийн стандартаар бид хэд хэдэн бүтээгдэхүүнийг гаргахаар туршиж үзсэн. Тэрний нэг нь энэ сарлагийн арьсан ширэн бөмбөг юм. Энэ бөмбөг дээр QR код байгаа. Тэр нь энэ бөмбөгийн түүхий эд нь хаанаас гаралтай, хаанахын ямар малчин бэлтгээд үйлдвэрт тушааснаас эхлээд тухайн бүтээгдэхүүн байгаль орчинд ээлтэй эсэх, малчин тухайн малын хариулгад хэр хариуцлагатай хандаж ирсэн зэрэг бүх түүхийг худалдан авагч болон борлуулагч нарт мэдээлэх юм. 

Ер нь арьсан бүтээгдэхүүн олон улсын зах зээлд эрэлт ихтэй байдаг. Тиймээс манай улс хийж чадах нэг бүтээгдэхүүнээрээ дагнан маш чанартай гаргах хэрэгтэй юм. Энэ утгаар сарлагийн арьсан бөмбөг тийм чанартай байх боломжтой гэдэн утгаар бусад бүтээгдэхүүн гарахад санаа өгч байгаа. Заавал олон гэлтгүй, цөөн, хамгийн гол нь чанартай бүтээгдэхүүнээр дагнан экспортолж, дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтойг харуулах зорилготой юм. "Хариуцлагатай Нүүдэлчин" стандартаар баталгаажсан сарлагийн арьсан бөмбөгийг маань худалдан авах захиалга гадаадаас ирж байгаа. Эхний ээлжинд төсөл хэрэгжүүлэгч орон Швейцарь улсаас мянган ширхэг бөмбөг авах санал ирсэн.




-Энэ сарын 9-10-нд болох төслийн хаалтын үеэр ямар ямар үйл ажиллагаа болох вэ?

-Юуны өмнө бид 17 жил хэрэгжүүлсэн төслийн үр дүнгээ хэлэлцэн, төр, засагт хүлээлгэн өгөх хаалтын үйл ажиллагааг хийх гэж байна. Хаалт гэхээсээ илүү мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийн хандлага, боломж, төслийн дүнд гарч буй сайн туршлагыг цааш нь хөгжүүлээд явах хэрэгтэй байна гэсэн мессеж дохиог төр, засаг, салбарын мэргэжилтнүүдэд өгөх зорилгоор энэ сарын 10-нд хаалтаа хийх гэж байна.

Эхний өдөр буюу 9-нд Бэлчээрийн Үндэсний дөрөвдүгээр форум болно. Энэ чуулганыг бид төр, засгийн анхаарал, бодлогыг бэлчээрийн ашиглалт, сэргээлтэд хандуулах байдлаар 2017 оноос хойш зохион байгуулж ирсэн. Одоо 4 дэх удаагаа болох гэж байна. Энэ удаа бид бэлчээрийн асуудлыг байгаль, хүрээлэн буй орчин, эко системийн үйлчлэлтэй нь хамт, өргөн утгаар нь анхаарч, авч үзэн хэлэлцэх юм. Үүгээрээ онцлог болох байх. Гол нь нийт нутгийн 70 хувийг эзэлж буй бэлчээр маань өөрийн гэсэн нэг онцлог эко систем юм гэдгийг харуулж хэлэлцэх юм. 




Холбоотой мэдээ