Ятгах тусам нягтлахыг сэрэмжлүүлсээр байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
oyundelger@montsame.gov.mn
2021-09-09 08:00:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк, Цагдаагийн Ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран залилах, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Ятгах тусам нягтал-2021” аяныг 7 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сарын 31-нийг дуустал зохион байгуулж байгаа.


Аяны үеэр цахим орчинд үйлдэж буй залилах гэмт хэрэгтэй тэмцэх, энэ талаар иргэдийг мэдээллээр хангах, сэрэмжлүүлэхэд анхаарч байгаа юм. Энэ хүрээнд “Цахим орчин дахь залилах гэмт хэрэг” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр болов.

 Хэлэлцүүлгийн үеэр цар тахлын нөлөөгөөр цахим орчин дахь хэрэглээ нэмэгдэхийн хэрээр олон улсад “залилах” гэмт хэргийн хохирлын хэмжээ нэмэгдэж байгааг онцоллоо.


Мэдээлэл, технологийн хурдацтай хөгжил нь төлбөр тооцооны хэрэгсэлд амжилттай нэвтэрч, хэрэглэгчдийн цаг хугацааг хэмнэн, хэрэглээг улам хялбарчилж буй сайн талтай ч нөгөө талаар иргэдээс мэдээллийн аюулгүй, хянамгай байдлыг илүүтэй шаардаж байгааг энэ үеэр дурдаж байв.


Монгол Улсын хувьд энэ оны эхний 6 сарын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 24.7 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. 2020 оны эцсийн байдлаар залилах гэмт хэргийн тохиолдлын тоо өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.4 дахин багассан ч хохирлын хэмжээ 67.2 тэрбум төгрөгт хүрч нэмэгджээ.


Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний санхүү, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхээр санхүүгийн залилангаас урьдчилан сэргийлэх 4 дэх удаагийн аян зохион байгуулж байгаа юм.

Хэлэлцүүлэгт Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Монголын банкны холбооны дэд Ерөнхийлөгч Р.Мөнхтуяа, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь, бусад албаны хүмүүс биечлэн болон цахимаар оролцов.

Холбоотой мэдээ