Өвлийн хэрэгцээнд 1200 тонн шахмал түлш үйлдвэрлэнэ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-09-09 14:23:35

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, дулаан үйлдвэрлэл, агаарын бохирдолтой холбоотой олон асуудлыг хэлэлцэн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст үүрэг чиглэл өглөө.

Аймгийн хэмжээнд дулаанаар хангах тусгай зөвшөөрөлтэй 31 аж ахуйн нэгж 36 уурын зуухыг ажиллуулж байна. Хүйтний улирал ирж байгаа тул зуухнуудын аюулгүй байдлыг хангах, засвар үйлчилгээ хийх, нүүрсээ татан авах ажил өрнөж, үүнд аймгийн ХОХБТХ-ээс хяналт тавин ажиллаж байгаа юм.

Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авч хэрэгжүүлсэн томоохон ажил бол шахмал түлшний үйлдвэрлэл бөгөөд хариуцагч компаниас холбогдох дүгнэлтүүдийг гаргуулж, одоогоор 40 тонн шахмал түлш үйлдвэрлэжээ. Энэ өвөл 1200 тонныг үйлдвэрлэж, эхний ээлжинд Арвайхээр сумын айл өрхүүдэд нийлүүлэх зорилттой ажиллаж байна.

Эрчим хүчний төслөөр Арвайхээрт 10/0.4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэн сайжруулж байгаагийн зэрэгцээ Өвөрхангай аймаг дахь салбараас 19 чиглэлд урсгал засварыг хийж байгаа тул тог цахилгааныг хязгаарлах асуудал гарч байгаа. Төслийн ажил 2022 оны 6 дугаар сард бүрэн дуусч хүлээлгэн өгөх юм. Өвлийн улиралд цахилгааныг аль болох таслахгүй байхыг зөвлөлийн гишүүд холбогдох албаныханд хэлэв.

Холбоотой мэдээ