Э.Дагийраз сумандаа алим, чавга, чангаанзыг нутагшуулжээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-09-09 14:55:00

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин сумын иргэн Э.Дагийраз нутгийнхаа хөрсөнд алим, чавга, чангаанзыг нутагшуулсан байна. Анх тошлой, үхрийн нүд, дөрвөн ширхэг алимны модыг ОХУ-ын Буриадын Эрдэм шинжилгээний хүрээлэнгээс авчран тариалж, хойтон жил нь үхрийн нүд, тошлой жимсээ өгсөн нь урам өгч, талбайгаа өргөжүүлэн мод бут, жимс жимсгэнийхээ төрлийг олшруулж эхэлжээ.

Алимныхаа дээж ургацыг 2018 онд хураасан бөгөөд одоо хашаанд нь алимны давжаа, торниун, бэсрэг гэсэн гурван сорт, гүзээлзгэнэ, хар интоор, улаан интоор, улаан чавга, чавга интоорын гибрид, лийр, чангаанз, найман төрлийн чацаргана, үхрийн нүдний улаан, цагаан, хар гэх гурван сорт, бөөрөлзгөнө зэрэг жимсний модноос гадна сарнайн бут, тэхийн шээг, таримал нохойн хошуу, мөнгөлөг улиас, мөнгөлөг жигд, улаан агч, ногоон агч, саваа бургас хэдийнэ нутагшин ургаад байна.

Дээрх төрлийн мод, жимсний 2000 гаруй үрсэлгээг хүлэмждээ тарьсан нь амжилттай ургаж, ирэх хавраас худалдаанд гарахад бэлэн болжээ. Э. Дагийраз жимсээ мөчрөөр болон залгаагаар тарьж, хашаандаа мод, бут, жимс тарих сонирхолтой 20 гаруй өрхөд үрсэлгээ өгч, заавар зөвлөмжөөр хангадаг байна. Тэрээр 2010 онд ШУТИС-ийг зам гүүрийн инженер мэргэжлээр төгссөн ч 2013 оноос сонирхолдоо хөтлөгдөн жимсний мод бут тарьж эхэлсэн гэнэ.

 

Холбоотой мэдээ