“LG Electronics” дахин боловсруулсан хуванцрын хэрэглээгээ өргөжүүлнэ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-09-09 17:29:59

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэгч “LG Electronics” компани байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх зорилгынхоо хүрээнд дахин боловсруулсан хуванцрын хэрэглээгээ өргөжүүлэхээр болсноо мэдэгдлээ.


Тодруулбал, “LG” дахин боловсруулсан хуванцрынхаа хэрэглээг 2025 он гэхэд 200 мянган тонн, 2030 он гэхэд 600 мянган тоннд хүргэхийг зорьж байна. Өнгөрсөн онд тус компанийн ийм хуванцрын хэрэглээ 20 мянган тоннд хүрчээ.


Одоогоор “LG” дахин боловсруулсан хуванцрыг зарим зурагт, хөлдөөгч, угаалгын машин, агааржуулагч зэрэг бүтээгдэхүүнийхээ дотоод эд ангийг хийхэд ашиглаж байгаа юм. Харин цаашид цахилгаан бараануудынхаа гаднах хэсгүүдэд ч мөн хэрэглэхээр төлөвлөж байгаа ажээ.


Тийнхүү илүү их хуванцрыг дахин боловсруулахын тулд “LG” хэрэглээнээс гарсан цахилгаан бараануудаа цуглуулах ажлыг эрчимжүүлнэ гэдгээ мэдэгджээ. Тухайлбал, 2030 он гэхэд найман сая тонн хаягдал цахилгаан хэрэгсэл хуримтлуулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн оны хувьд тус компани 3.07 сая тонн бүтээгдэхүүнийг дахин боловсруулахаар цуглуулжээ.


LG” одоогийн байдлаар дахин боловсруулалтын хөтөлбөрөө 52 оронд хэрэгжүүлж байна. Мөн БНСУ-д “Chilseo” дахин боловсруулах төвдөө гэр ахуйн хуучин цахилгаан бараанаас хөнгөн цагаан, зэс, хуванцрыг ялган авах үйл ажиллагаа явуулж байгаа юм. Ингэснээр тэдгээр материалыг шинэ бүтээгдэхүүнүүдэд дахин ашиглах боломж бүрдэж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ