Урьдчилсан дүнгээр 4.3 сая мал өвөлжинө

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-09-10 15:32:31

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажил эхэлж байна.

Одоогоор аймгийн хэмжээнд 5.2 сая мал намаржиж байгаагаас хонь 2.5 сая, ямаа 2 сая, адуу 310 мянга, үхэр 276 мянга, тэмээ 24 мянга байна. Малчид 950 мянга гаруй малыг эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвлөгөөтэй байгаа тул 4.3 сая мал өвөлжих тооцоотой байна хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээллээ. Аймгийн нийт нутаг дэвсгэрийн 85 хувьд зуншлага сайн, газрын гарц арвин байсан тул малчид өвс хадлангаа хангалттай авч, өөрийн нутагтаа өвөлжих төлөвтэй байгаа аж.

Засгийн газрын тогтоолоор энэ жил сум тус бүр 150 тонн өвс, 50 тонн тэжээлийг, аймаг 100 тонн өвс, 150 тонн тэжээлийг аюулгүйн нөөцдөө бүрдүүлэх, малчид 25 мянган тонн хадлан авах үүрэг даалгавартай ажиллаж байна.

Мөн малчдын отор нүүдлийг багасгах, өвс тэжээлийн үнийн дарамтаас гарахын тулд аймгийн хэмжээнд малын тэжээл тариалалтыг 2.5 дахин нэмэгдүүлж, нийт 5636 га талбайд тариалалт хийсэн бөгөөд 6700 гаруй тонн ногоон тэжээл хураан авч, аймаг, сумын аюлгүй нөөцөө бүрдүүлэх зорилттой байгаа юм.

Холбоотой мэдээ