Их Британийн тамирчин Э.Радукану Америкийн нээлттэй тэмцээнд түрүүллээ

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2021-09-12 09:51:49

НЬЮ-ЙОРК. /ESPN/. Америкийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Их Британийн залуу теннисчин Эмма Радукану ялалт байгууллаа.


Ийнхүү тэрбээр энэхүү аваргын цомыг 44 жилийн дараа эх орондоо авчирч байна. Өмнө нь 1977 онд Виржина Уэйд ийм амжилтыг үзүүлж байсан юм.


Өдгөө 18 настай Э.Радукану Канадын 19 настай тамирчин Лейла Фернандезтэй нэг цаг 51 минут тоглосны эцэст 6-4, 6-3 онооны харьцаагаар буулган авчээ.


Э.Радуканугийн хувьд түүхэн амжилт гаргасан нь энэ бөгөөд Их дуулгын эрэгтэй, эмэгтэй аль ч төрөлд анх удаа финалд шалгарсан теннисчин түрүүлж байгаагүй юм. Мөн 2004 оны Уимблдонд 17 настайдаа түрүүлсэн Мария Шараповагоос хойш томоохон тэмцээнд түрүүлсэн хамгийн залуу эмэгтэй тамирчин болж байна.


“Эх орондоо байгаа мэт мэдрэмжийг төрүүлсэн та бүхэнд талархал илэрхийлье. Хэцүү мөчүүдэд та бүгдийн дэмжлэг маш их тус боллоо. Лейла бид хоёр та бүхэнд сайн тоглолт үзүүлсэн гэдэгт найдаж байна” гэж Э.Радукану талбайд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.


Их Британийн залуу тамирчны Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлснээр гайхалтай амжилтын эзэн боллоо. Тодруулбал, Э.Радукану 2021 оны зургаадугаар сард Уимблдонд оролцохдоо дэлхийн чансааны 338 дугаарт эрэмбэлэгдэж байв. Тэрбээр энэхүү тэмцээнд шөвгийн 16-д шалгарчээ.


Харин Нью-Йорк хотноо болсон энэ удаагийн нээлттэй тэмцээнд тэрбээр Испанийн тамирчин Сара Соррибес Тормо, Грекийн тамирчин Мария Саккари, Швейцарын тамирчин, Олимпын аварга Белинда Бенчич тэргүүтэй нэртэй теннисчдийг хожсоноор аваргын цомыг хүртсэн юм.


Ингэснээр тэрбээр ердөө хоёрхон сарын дотор дэлхийн чансааны 23 дугаарт эрэмбэлэгдэж эхлээд байна. 

Холбоотой мэдээ