О.Амартүвшин: Сүүлийн хоёр жил эдийн засаг, бизнесийн ужгирсан олон асуудлыг тод харууллаа

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunbold@montsame.mn
2021-09-13 18:38:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо. Уулзалтад оролцогчдын хэлсэн үгийг цувралаар хүргэж байна.


МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин: “Томоохон төслүүдийг эхлүүлэх, амжилттай хэрэгжүүлэхэд газар, дэд бүтцийг шийдэх, зөвшөөрөл олгох, санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдэх, шаардлагатай дэмжлэг үзүүлэх болон тогтвортой байдлыг хангах зэргийг багтаасан хууль эрх зүй, бодлого зохицуулалтын орчин нэн чухал байна. Сүүлийн хоёр жилийн хүнд нөхцөл байдал нь тээвэр логистик, хилийн боомтуудын хүндрэл, саатал гээд эдийн засаг, бизнесийн ужгирсан, шийдвэрлэвэл зохих олон асуудлыг бидэнд илүү тод харуулж мэдрүүллээ. Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн засаглал, удирдлагад эрс шинэчлэл хийх, хувьчлах замаар үр ашгийг нэмэх, зөвшөөрлийн тоог эрс цөөлөх, зөвшөөрөл олгох үйл явцыг хялбар ил тод болгох, төрийн үйлчилгээний хүнд суртал, авлигыг бууруулах, эдийн засгийн хөгжил, худалдааны асуудал хариуцсан бүтэц бий болгох гээд яаралтай шийдэх олон асуудал байна. Эдийн засгийг том зургаар нь харж, төрийн зөв оновчтой зохицуулалт, дэмжлэг, хувийн хэвшлийн оролцоо, төр, хувийн хэвшлийн түншлэлд үндэслэн өнөөгийн тулгарсан сорилтыг боломж болгон эдийн засагт их сэргэлт авчрахыг уриалж, үүнд МҮХАҮТ  хувийн хэвшлийг манлайлан оролцохоо илэрхийлж байна."

Холбоотой мэдээ