П.Батсайхан: Цар тахлын дараа дэлхий хоёр хуваагдана

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunbold@montsame.mn
2021-09-13 18:40:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо. Уулзалтад оролцогчдын хэлсэн үгийг цувралаар хүргэж байна.


“Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан: Цар тахлын дараа дэлхий хоёр хуваагдана. Нэг талаас цар тахлыг амжилттай даван туулсан улсууд. Нөгөө талаас тахлын өмнө эдийн засаг нь сөхөрч, иргэдийн амьдрал доройтсон гэж. Энэ сорилтыг даван туулах үүрэг, даалгавар бидний үеийнхэнд ирлээ. Аливаа шинэчлэлийн 50 хувь нь удирдагчийн манлайллаас шууд шалтгаалдаг. Нийгэм, эдийн засаг эгзэгтэй энэ үед тэсэж үлдэх нь Засгийн газар, УИХ-ын гишүүдийн алсын хараа, манлайллаас шууд хамаарна. Бидний цөөхөн монголчууд талцал хуваагдал, мэргэжлийн амбиц гарган, хүнд суртал үзүүлж, нутаг усны талцалд хуваагдах нь хөгжлийн хамгийн том чөдөр тушаа болж байсан. Эдийн засгийн хамгийн хүнд ачааг хувийн хэвшлийнхэн бид үүрч ирлээ. Цаашид ч үүрэх ёстой гэдгээ ухамсарлаж байна. Яг одоо төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ус, агаар мэт хэрэгтэй байна. Та бүхний манлайлал дор төртэй хамтран ажиллахад бэлэн байна. Бидэнд цаг алдах эрх байхгүй”.

Холбоотой мэдээ