БНСУ шумбагч онгоцны баллистик пуужин туршжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-09-16 11:32:48

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ шумбагч онгоцны баллистик пуужин амжилттай туршлаа гэж тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газар мэдээлжээ. 


Пуужингийн туршилтыг БНСУ-ын Батлан ​​хамгаалах хөгжлийн газрын туршилтын ерөнхий талбайд лхагва гарагт явуулсан байна. Туршилтад тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Засгийн газар, армийн гол албан тушаалтнууд байлцжээ. Туршилтын үр дүнг цэргийн шинжээчид үнэлж, шумбагч онгоцны баллистик пуужинг зэвсэглэлд оруулах эсэхийг шийдэх аж.


Пуужинг гурван мянган тонн усан түрцтэй “Dosan Ahn Changho” шумбагч онгоцноос харважээ. Энэхүү шумбагч онгоцыг наймдугаар сарын 13-нд БНСУ-ын армид хүлээлгэн өгсөн байна. Пуужин ойрын зайд буй байд “оновчтой” тусчээ.


"Шумбагч онгоцны баллистик пуужинг эзэмших нь тэргүүн шугамд аюул заналыг тогтоон барих стратегийн хувьд маш чухал ач холбогдолтой бөгөөд ирээдүйд Солонгосын хойгт энх тайван тогтоож, бие даасан үндэсний батлан хамгаалалтыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ" гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдэгдэлд дурджээ.


Шумбагч онгоцны баллистик пуужинг үйлдвэрлэхэд хэцүү байдаг тул зөвхөн АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Франц, Энэтхэг улсууд эзэмшдэг аж. БНСУ ийм пуужин бүтээж чадсан дэлхийн долоо дахь улс боллоо гэж “Yonhap” агентлаг мэдээлжээ.


Холбоотой мэдээ