Өр төлбөрт авах улаанбуудайн үнийг тогтоожээ

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2021-09-16 11:53:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын намрын ургац хураалт өргөн хүрээнд  9 дүгээр сарын 15-нд эхлэх байжээ. Гэвч үргэлжилсэн борооны улмаас 10 хоногоор хойшилсон байх юм. Хойшлох нэг хэрэг хураан авах нь чухал. “2021 оны ургацын урьдчилсан балансаар 594 мянган тонн үр тариа, үүнээс 559 мянган тн улаанбуудай хураан авах төлөв гарсан” гэж Улсын ургацын комиссийн хуралд ХХААХҮ-ийн сайд З. Мэндсайхан танилцуулжээ. Тэрбээр энэ сарын 14-нд А-255 дугаар тушаал гаргаж “Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өр төлбөрт тооцож авах хүнсний улаанбуудайн үнийг 800.0 мянган төгрөг, худалдан авах хүнсний улаабуудайн үнийг 750.0 мянган төгрөг, улаанбуудайн элит үрийг 1050.0 мянган төгрөг, үржүүлгийн үрийг 950.0 мянган төгрөг, овьёосны үрийг 800.0 мянган төгрөгөөр авна” гэж тогтоожээ.


Намар өндөр ургац авахын тулд хавар шаргуу ажилладаг. Тэр дагуу хаврын тариалалтад  нийтдээ 15.2 мянган тонн импортын улаанбуудайн үрийн нөөц бүрдүүлжээ. Түүнээс  хүсэлт гаргасан 390 гаруй аж ахуйн нэгж, иргэдэд 12.5 мянган тн улаанбуудайн үр, 43.3 тн ургамал хамгааллын бодис, 330 тн нийлмэл болон гумины бордоог 30 хувийн урьдчилгаатай олгожээ. Түүнээс гадна 890.2 мянган литр шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож дэмжлэг үзүүлсэн байна. Эдгээр дэмжлэг нь  дээрх үр тариа, улаанбуудай хураан авах боломжийг бүрдүүлсэн байх жишээтэй. Энэ жил хураан авах үр тариа улаанбуудайн хэмжээ өнгөрсөн жилийнхээс өссөн байна. Ургацын урьдчилсан төлөв 2020 онд  513.3 мянган тн үр тариа, үүнээс 487.6 мянган тн буудай, хураан авна гэж гарч байжээ. Улаанбуудайнаас гадна 198 мянган тн төмс хураан авах төлөв  гарсан байна. Дээрх хоёр нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодоосоо бүрэн хангах нөхцөл бүрджээ.


Ургац хураалт 10 хонгоор хойшилсон гэж байгаа. Гэвч төмс, хүнсний ногооны хураалт эрт эхэлсэн гэдэг нь ойлгомжтой. Эдүгээ нийслэлийн гудамж талбайд шинэ ногоо борлогдож байгаа билээ. Тэгээд ч Үндэсний статистикийн  хороо (ҮСХ)  9 дүгээр сарын 1-ний байдлаар 6 мянган тн төмс хураасан гэж мэдээллээ. Түүнээс гадна 117 мянган тн хүнсний ногоо хураана. Энэ нь улсын жилийн хэрэгцээний нарийн ногооны 60 хувийг бүрдүүлэх боломжтой юм байна. Мөн 64 мянган тн тосны ургамал, 203 мянган тн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан байнаЭнэ оны ургац хураалтын урьдчилсан төлөвийг 2020 оныхтой харьцуулж үзвэл төрөл тус бүр дээр нэмэгджээ. Тухайлбал 2020 онд 113.6 мянган тн хүнсний ногоо хураан авах урьдчилсан төлөв гарч байсан бол энэ жил 117 мянган тн болж өссөн байх жишээтэй.   


Намар их ургац хурааж авахын тулд өнгөрсөн хавар ямар ажил амжуулсан талаар Улсын ургацын комиссийн хурал хэлэлцжээ. Улсын төсвийн 255 сая төгрөгийн санхүүжилтээр 32 м2 талбай бүхий 83 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмж, 105 килограмм хүлэмжийн нарийн ногооны үр нийлүүлжээ. Гэхдээ хүлэмжийг 30 хувийн урьдчилгаатай зээлээр, үрийг 80 хувийн хөнгөлөлттэй үнээр ногоочдод олгосон байх жишээтэй. Энэ  ажлыг зохион байгуулснаар зуны хүлэмжийн тариалалт 45 га-гаар өсжээ.


Мөн “ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд нийлүүлэгдсэн усалгааны тоног төхөөрөмж, бага оврын бороожуулагч, дуслын усалгааны системийг 50 хувийн, 78 аж ахуйн нэгж, 25 иргэнд 156 ширхэг тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгожээ. Энэ төсөл нь  БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа юм байна. Эдгээрийг хэрэгжүүлснээр усалгаатай тариалангийн талбай 9.7 мянган га-аар нэмэх нөхцөл бүрдүүлжээ.



Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд Төрийн банк, Хаан банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банкууд 768 иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн хүсэлтийг хүлээн авснаас өөрийн  эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл  526 иргэн, аж ахуйн нэгжид 32.3 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Улмаар ургац хураалтад шаардлагатай газар тариалангийн зориулалттай шинэ машин механизм, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис зэрэгт   урьдчилсан байдлаар 18 тэрбум төгрөгийн импортын  хөнгөлөлт үзүүлжээ.


Ковид-19 цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд хүний хөл хөдөлгөөнд хэд хэдэн удаа  хязгаарлалт хийсэн. Энэ байдал хэдийгээр төсөв хөрөнгө иргэдийн ажил орлогод сөрөг нөлөө үзүүлсэн нь ойлгомжтой. Гэхдээ хөдөө аж ахуй тэр дунд газар тариаланд дээрх байдлаар ахиц гарчээ. Энэ нь бидэнд ашиглах асар их  нөөц байгааг харуулав гэлтэй. Газар тариалан байгалийн эрхшээлд байгаа нь үнэн. Үр тариа, төмс, хүнсний ногоог экспортлохгүй юм гэхэд импортлохгүй байх боломж өөрсдийгөө дайчилбал  бидэнд байгаа юм биш үү. Төмс, хүнсний ногоо, үр тариагаар дотоодын хэрэгцээг бүрэн хангах нь хөрөнгө мөнгөнөөс гадна маш олон хүн ажлын байртай  болох нэг гарц байх боломжтой.

Холбоотой мэдээ