Хүрэнцавын ордын хайгуулыг эрчимтэй хийж байна

Монголын мэдээ | Уул уурхай
oyundelger@montsame.gov.mn
2021-09-16 12:39:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Гео инженеринг групп" ХХК, “Демон-Инженеринг” ХХК нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт өөрийн эзэмшлийн Хүрэнцавын ордын хайгуулын талбайд гадаргуугийн судалгаа, зураглал, суваг малталт зэрэг ажлынхаа 60-70 хувийг гүйцэтгээд байна.


Хайгуулын үр дүнд 20 орчим дээжид нүдэнд харагдахуйц алттай кварц илэрсэн бөгөөд суваг малталт дээжлэлтийн лабораторийн шинжилгээний эхний хариугаар алтны агуулга бүхий бүсүүдийг тогтоожээ. Энэ сарын 13-ны өдрийн байдлаар 177.5 метр хүртэл өрөмдөөд байна. Хүрэнцавын ордын хайгуулын үр дүнд монгол орны алтны нөөцийг нэмж, алтны үндсэн ордыг шинээр нээхээр хүлээж байгааг “Эрдэнэс Монгол” компанийн цахим хуудаснаа нийтэлсэн байв.


“Эрдэнэс Алт Ресурс” ХХК нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг дахь Хүрэнцавын ордын нөөцийг тогтоох нарийвчилсан хайгуулыг долоодугаар сард эхлүүлсэн. Тус хайгуулын тусгай зөвшөөрлийг 2020 онд АМГТГ-аас зохих тогтоол, шийдвэрийн дагуу авч, ордын нөөц тогтоох нарийвчилсан хайгуул гүйцэтгэх үүрэг хүлээжээ.



 

Холбоотой мэдээ