Хүүхдийн оролцооны байгууллагын 7 төсөл хэрэгжиж эхэллээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-09-16 18:24:57
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ГБХЗХГ-аас Ерөнхий боловсролын сургуулиудын дэргэдэх хүүхдийн өөрөө удирдах байгууллага, клубүүдийн дунд зарласан оролцооны төслийн уралдаанд 7 төсөл шалгарч, батламжаа гардан авлаа.

Төслийн уралдааныг энэ оны 3 дугаар сард зарлаж, 4 дүгээр сард шалгаруулсан бөгөөд цар тахлын улмаас үйл ажиллагаа нь хойшилсоор одоо хэрэгжиж эхлээд байна.

Тус аймгийн хэмжээнд 100 гаруй хүүхдийн оролцооны байгууллага, клуб үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тэдгээрээс 21 нь тус төслийн уралдаанд оролцож, 7 төсөл шалгарсан байна. Шалгарсан 7 төсөлд ГБХЗХГ-аас нийт 2,5 сая орчим төгрөгийн санхүүжилт олгожээ.

“Цэгц билиг” сургуулийн СӨУБ-ын “Хамтдаа сэргийлье” төсөл хүүхэд өсвөр үеийнхэнд хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах бол Хүмүүнлэг сургуулийн “Ирээдүй” СӨУБ болон “Говийн ирээдүй цогцолбор” сургуулийн сурагчид хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаар хууль сурталчлах, таниулах чиглэлээр  ажиллах аж.

“Гэрэлт цамхаг” сайн дурын клуб болон Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургууль, “Эрдмийн далай цогцолбор” сургуулийн сурагчид ажил мэргэжил амьдрах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

Харин “Говийн ирээдүй цогцолбор” сургуулийн сурагчид байгаль орчноо хамгаалах, эко орчныг бий болгох чиглэлээр “Нахиа” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. 

Холбоотой мэдээ