Л.Халтар: Зам тээврийн салбар хоорондоо уялдаатай нэгдсэн хуультай болно

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-09-17 14:00:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХЯ авто зам, авто тээвэр, төмөр зам, иргэний нисэх гэсэн дөрвөн чиглэлд хуулийн шинэчлэл хийж, тээврийн нэгдсэн хууль боловсруулж байна.


Учир нь эдгээр таван төрлийн тээвэр тус тусдаа хуулиар зохицуулагдаж байгааг уялдуулах, харилцан холбоотой нэгдсэн бодлогоор хөгжүүлэх шаардлагатайг Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар онцоллоо. Тэрбээр өнөөдөр зам тээврийн салбарт хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт, статистик, хөрөнгө оруулалтын талаар дэд сайд, газрын дарга нарын хамт хэвлэлийн хурал хийсэн юм.


Цар тахлын улмаас зам тээврийн салбар хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа ч тээвэрлэлтийг нэмэхэд анхаарч, энэ оны эхний хагас жилд бүх төрлийн тээврээр тээсэн ачаа 25.9 (10.6 хувь)сая тонноор нэмэгдсэн бол зорчигч тээвэрлэлт давхардсан тоогоор 22.5(60.9 хувь) сая хүнээр багасжээ.


Зам тээврийн салбар иргэд аж ахуйн нэгжид 90 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлж байгаагаас 50 хувийг нь цахимжуулаад байна. Энэ салбарт одоогоор 41 мянган хүн ажиллаж байгаагийн 42 хувь нь эмэгтэй аж.

 

                                Онон голд төмөр бетон гүүр тавьжээ

Авто замын салбарт 2021 онд улсын төсөв, гадаадын зээл, төр, хувийн хэвшлийн хөрөнгөөр 95 чиглэлийн 1702.7км хатуу хучилттай зам, их засвар, шинэчлэл, 15 байршилд 1338.6 урт метр төмөр бетон, модон гүүрийн барилга, их засвар хийнэ. Үүнээс 326.3 км хатуу хучилттай авто зам, 550 урт метр төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.


Тухайлбал, улсын төсвийн хөрөнгөөр Мянганы замын хэвтээ тэнхлэгийн Орхон гол-Их тамир чиглэлийн  63км авто замын ажил 65, Багануур-Мөнгөнморьт чиглэлийн 60 км авто замын ажил 65, Даланжаргалан-Бор-Өндөр чиглэлийн 50 км авто замын ажил 75, Чингис хот-Дадал сум чиглэлийн 50 км авто замын ажил 76 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.


Мөн гадаадын зээл, тусламжаар Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км авто зам 92, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл 95, Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8км авто зам 32, Азийн авто замын сүлжээний чиглэлийн Өлгий хотыг тойрон гарах 18.8 км авто зам 55.6 хувийн гүйцэтгэлтэй байна.



АХБ-ны зээлээр хэрэгжүүлэх Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 57.56 км хатуу хучилттай авто замын их засварыг гуравдугаар сард эхлүүлээд байгаа. Энэ нь баруун 5 аймгийн Улаанбаатартай холбох улсын чанартай авто замын гол чиглэл юм. ЕСБХБ-ны зээлээр хэрэгжиж байгаа Улаанбаатар-Дарханы чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх ажлыг 2020 онд эхлүүлсэн нь үргэлжилж байгаа. Одоогоор гүүр хоолой, хөрс хуулан, далан байгуулж, 5 багц ажлаас 10-28 хувийн гүйцэтгэлтэй байгааг ЗТХЯ мэдээллээ.


Түүнчлэн, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг Онги гол дээгүүр 54.8 метр урт төмөр бетон гүүр, Хэнтий аймгийн Биндэр сумын Онон гол дээгүүр 209 метр урт төмөр бетон гүүрийг улсын төсвийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулжээ.

Монгол Улс нийт 112.414.2 км авто замын сүлжээтэй. Үүнээс 14.918 км нь олон улс, улсын чанартай авто замын сүлжээнд хамаарч байгаагийн 50 хувь нь хатуу хучилттай зам юм.



            Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулна


Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг 2022 оны долоодугаар сард ашиглалтад оруулна. Одоогоор газар шорооны ажил болон зургаан зуу орчим хоолой хийгээд байгаа. Мөн зургаан зөрлөгийн байрыг ашиглалтад оруулж, гол болон өртөө зөрлөгийн замын дэлгэмэл уртаар нийт 463.414 км-ээс 452.635 км-ыг нь угсарч, чигжээс хийж байгаа аж.  


Ингэснээр Монголын экспортын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, зүүн бүсэд томоохон эдийн засгийн төв, зангилаа үүсгэж, 2000 орчим ажлын байр бий болгох, орон нутгийн дэд бүтэц хөгжих боломж бүрдүүлнэ гэж ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн БХЗГ-ын дарга Б.Артур тэмдэглэв.


Түүнчлэн, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 312.89 км урт төмөр замын барилга, угсралтын явц 79.2 хувьтай байна. Энэ төмөр зам ашиглалтад орсноор 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс экспортолж, тавантолгойн бүлэг орд орчмын уурхайн олборлолт 2-3 дахин нэмэгдэнэ гэдгийг тэрбээр онцолж байлаа. Мөн монголын нутаг дэвсгэр доторх нүүрсний тээврийн зардал тонн тутамд 8 ам.доллар болж багасан, авто замаар тээвэрлэж буй зардал ч 4 дахин багасах аж.



Үүнээс гадна “Богдхан төмөр зам” төслийн барилгын ажил, зураг төслийг хийж байгааг хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм. Энэ төсөл нь хот хөдөөгийн зохист тэнцвэрийг шийдвэрлэхэд гол үүрэгтэй. Тус төмөр зам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сум, нийслэлийн Багахангай, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн газар нутгийг дамжин нийт 135.8 км үргэлжилнэ. Зургаан зөрлөг, гурван өртөө байхаар төлөвлөжээ.

Ийм төмөр замтай болсноор нийслэлийн төмөр зам, авто замын огтлолцоолд 144 минут зарцуулж байгаа нөхцөл байдал 57 хувиар багасна.

Мөн Улаанбаатар төмөр замын дагуух чимээ, тоожилт, бохирдол багасаж, цаашид бензин, шатах тослох материалын агуулах, нүүрс тээвэрлэлт, хүнс, барааны агуулахыг хүн ам төвлөрч суурьшдаг газраас үе шаттай холдуулах боломж нээгдэнэ гэж үзэж байгаа аж. 


                    Гуравдахьч хөрштэй авто тээврийн хэлэлцээр байгуулна

Монгол Улсын нийт зорчигч тээврийн 98, ачаа тээврийн 65 хувийг авто тээврийн хэрэгслээр тээвэрлэж байна.


Одоогоор ОХУ, БНХАУ, Казахстан, Украин, БНТУ, Беларусь, Киргиз, БНАСАУ, БНСУ, Унгар, Литва, Словак улстай “Олон улсын авто тээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулан тээвэрлэлт гүйцэтгэж байна. Цаашид авто тээврийн харилцааг өргөжүүлэн, Польш, Чех, Гүрж, Итали, Австри, Герман зураг улстай хэлэлцээр байгуулах аж.


Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн платформ E-Mongolia-д жолоодох эрхийн 7, авто тээврийн 4, нийт 11 үйлчилгээг холбоод байна. Түүнчлэн, ЗТХ-ийн сайдын тушаалаар авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг шинэчлэн баталж, сонирхол татсан дугаарыг дуудлага худалдаагаар борлуулах болсон. Дуудлага худалдааг 2 дугаар сараас цахимаар 10 удаа зохион байгуулж, 1126 дугаар борлуулан, Хүүхдийн төлөө санд 2 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. 


                    “Буянт-Ухаа” нисэх буудлыг дөрвөн чиглэлээр ажиллуулна


Нисэх онгоцны “Буянт-Ухаа” буудлыг олон улсын засварын төв, нөөц буудал, сургалтын бааз, жижиг, хувийн онгоцны буудлын чиглэлээр ажиллуулна. 


Энэ талаар ЗТХ-ийн сайд Л.Халтар ярихдаа, “Цаг агаарын бэрхшээл зэрэг шалтгаанаар зарим үед онгоцоо урд, хойд хөршийн буудалд газардуулдаг байсныг шийдэж, “Буянт-Ухаа” буудлыг нөөц буудал болгож ашиглана. МИАТ компани “Боинг” онгоцыг засварлаад багагүй хугацаа өнгөрлөө. Жилд 5-7 сая ам.долларын орлого олдог. АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзах үеэрээ “Боинг”-ийн бүс нутгийн засварын төв болгохыг дэмжихийг хүсэхэд нааштай хандахаа илэрхийлсэн”-ийг дуулгав.


Түүнчлэн, БНСУ-тай хамтраад иргэний агаарын тээврийн сургалт зохион байгуулдаг тул сургалтын бааз болгох зорилготой байгаа аж. Мөн хувийн жижиг онгоцны буудал, агаарын такси үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиглэлтэй байгааг салбарын сайд мэдээлсэн юм.



Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлсэн төслийн дүнд Төв аймгийн Хөшигийн хөндийд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны шинэ буудлын үйл ажиллагааг эхлүүлээд байгаа.


Шинэ нисэх буудал нь жилд 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Зорчигч үйлчилгээний барилга, агаарын 24 хөлөг зогсох талбай, 43метр өндөр нислэгийн хөдөлгөөний барилга, 8000 тонн багтаамжтай шатахууны агуулахтай. Жилд 11900 тн карго ачаа шуудан нэвтрүүлэх хүчин чадал бүхий карго терминал, олон улсын С9 зэрэглэлтэй Аврах гал унтраах барилга, бие даасан дулааны станц, цахилгаан шугам сүлжээний дэд барилга бий. Хоногт 800 шоо метр цэвэр, бохир ус цэвэрлэх, ариутгах, татуурга ус цэвэршүүлэх байгууламж зэрэг 30 гаруй барилга байгууламжаас бүрдсэн олон улсын стандартад нийцсэн шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулсан юм.

 


Холбоотой мэдээ