Ю.Цэдэнбалын мэндэлсний 105 жилийн ойн өдөр тохиож байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-09-17 15:15:12

Увс /МОНЦАМЭ/. Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 105 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Монголын төрийг 44 жил удирдсан БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн, БНМАУ-ын маршал, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбал 1916 оны 9-р сарын 17-ны өдөр Увс аймгийн Давст сумын нутаг дахь Тун мэндийн өвөлжөөнд эхээс мэндэлжээ.


Энэ их хүмүүн БНМАУ-ыг 44 жил удирдахдаа:


• Эмнэлэг эрүүл-ахуйн үйлчилгээг улсын хэмжээнд, хот хөдөөгүй, үнэгүй хүргэж, олныг хамарсан ужиг өвчнөөс хүн ардыг салгаж, эрүүлжүүлсэн,


• Монголын нийгэмд европын соёлоос нэвтрүүлж, хоцрогдлыг тодорхой түвшинд хүртэл арилгаж, амьдралынх нь хэвшил болгож чадсан,


• Бүх нийтийг бичиг үсэгтэй, боловсролтой болгож, дэлхийн шинжлэх ухаанд нэвтрэх боломжийг бүрдүүлсэн,


• Хүн амын өсөлтийг урамшуулан дэмжиж, 2 саяд хүргэж, цаашид өсөн нэмэгдэх эх суурийг тавьсан,


• Улсыг үйлдвэржүүлж,  ажилчин ангийн бүхэл бүтэн шинэ давхаргыг бий болгосон,


• ХАА, газар тариаланг хөгжүүлж, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр улс орныхоо хүнсний дотоодын хэрэгцээг бүрэн хангадаг болгосон,


• Газрын хөрсөн дээрх, болон газрын хэвлий дэх ашигт малтмалыг хяналттай, зүй зохистой, байгаль орчинд  халгүй, улсын хөгжил дэвшилд бодит үр дүнтэй ашиглуулж байсан, 


• Насанд хүрсэн хүн бүрийг ажилтай, цалин хангамжтай болгож, амьдралдаа санаа зоволтгүй хөдөлмөрлөж, аж төрөх нөхцөлийг бүрдүүлж байсан,


• БНМАУ-ыг НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, дэлхийн өрх тусгаар улсын нэг болгосон,


• Монголын хил хязгаарыг хоёр хөрштэй хамтран албажуулж, хөдөлбөргүй болгон НҮБ-аар баталгаажуулж чадсан,


• БНМАУ-ыг дэлхийн олон улс оронтой дипломат харилцаатай болгож, монгол хүнийг сансарт нисгэж, олимпд зодоглуулж, дэлхийн тавцанд улсынхаа нэрийг дуурсгаж эхэлсэн гэх мэтээр дэлхийн “хүйтэн дайн”, хөрш улс орнуудын хоорондын цэрэг-улс төрийн амаргүй цаг үед Монгол Улсаа дэлхийд өрх тусгаар, амар тайван улс болгож чадсан гавьяатай, гарамгай удирдагч байсныг түүх гэрчилнэ.

Холбоотой мэдээ