ОХУ-д долоо хоногт илэрсэн халдварын тохиолдол нэмэгджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-09-20 12:37:20

МОСКВА. /TASS/. ОХУ-д долоо хоногийн дотор коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тоо долоодугаар сарын дунд үеэс хойш анх удаа нэмэгджээ.


Тус улсад өнгөрсөн долоо хоногт 134 858 шинэ тохиолдол илэрсэн нь өмнөх долоо хоногийнхоос 5.8 хувиар өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн 100 000 хүнд ногдох өвчлөлийн түвшин өсөж, хоногт 12.5-аас 13.2 болж нэмэгдсэн байна. 


Коронавирустэй тэмцэх шуурхай штабаас мэдээлснээр, ОХУ-д цар тахал дэгдсэнээс хойш 7 274 928 хүн буюу хүн амынх нь 5 орчим хувь нь халдвар авчээ. 


Идэвхтэй гэж нэрлэгддэг тохиолдлын тоо, өөрөөр хэлбэл одоо эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн тоо халдварын өмнөх давлагааны дээд түвшинг давж, нэмэгдсээр байгаа аж. Шуурхай штабаас мэдээлснээр, ОХУ -д одоо 578 028 хүн эмчлүүлж байгаа бөгөөд өмнөх долоо хоногт энэ тоо 557 664 байжээ.


Өвчлөл нэмэгдэж байгаа хэдий ч одоогоор нас баралтын үзүүлэлтэд нөлөөлөөгүй байна. Сүүлийн долоо хоногт ОХУ-д 5469 хүн халдвараар нас баржээ. Өмнөх долоо хоногт нас баралтын үзүүлэлт 5 549 байсан байна.


ОХУ-д халдварын тохиолдлын тоо нэмэгдсэн нь Москва, Санкт-Петербург хотууд болон Москва мужийн нөхцөл байдалтай холбоотой байна. Өнгөрсөн долоо хоногт илэрсэн нийт тохиолдлын 23.5 хувь нь тус бүс нутгуудад бүртгэгджээ. 


Москва хотод өвчлөл огцом нэмэгджээ. Өнгөрсөн долоо хоногт Оросын нийслэлд 15 607 шинэ тохиолдол илэрсэн нь өмнөх долоо хоногийнхоос 44.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Өмнөх хоёр долоо хоногт мөн өвчлөл нэмэгдсэн боловч 4 хувиас хэтрээгүй байна.


Санкт-Петербургт 10 269 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 16 хувиар их байна. Ням гарагт 1834 хүн шинээр халдвар авсан нь наймдугаар сарын 9-нөөс хойш бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болжээ.


Хэрэв Москва, Санкт -Петербург хотуудад өвчлөл хэдэн долоо хоногийн турш нэмэгдсэн бол Москва мужид өмнөх долоо хоногт буурсан байна. Гэсэн хэдий ч энэ долоо хоногт өмнөх долоо хоногоос 19.3 хувиар их буюу 5868 хүн халдвар авчээ.


Холбоотой мэдээ