“Emmy” наадмын шилдгүүд тодорчээ

Дэлхийд | Соёл урлаг
Jargal.d@montsame.mn
2021-09-20 13:41:02

НЬЮ-ЙОРК. /CBS/. Америкийн телевизийн салбарын оны шилдгүүдийг тодруулдаг "Emmy Awards" наадмын гол шагналуудыг “The Crown”, “Ted Lasso”, “The Queen’s Gambit” цувралууд хүртжээ. 73 дахь удаагийн шагнал гардуулах ёслолыг CBS телевиз Лос-Анжелес хотоос шууд дамжуулан хүргэлээ.  


“Шилдэг драм цуврал” төрөлд “The Crown” цуврал шалгарчээ. Энэхүү цуврал нь хамгийн олон буюу нийт 24 төрөлд нэр дэвшсэн юм. “Шилдэг драм цуврал” төрөлд тус цувралтай хамт "The Mandalorian”, “The Boys”, “Bridgerton”, “The Handmaid’s Tale”, “Lovecraft Country”, “Pose”, “This Is Us” цувралууд өрсөлджээ.


"Шилдэг инээдмийн цуврал" төрөлд “Ted Lasso” цувралаас гадна "Black-ish”, "Cobra Kai" "Emily in Paris", “Hacks", “The Flight Attendant”, “The Kominsky Method", "PEN15” цувралууд нэр дэвшсэн байна.


"Шилдэг богино хэмжээний цуврал" номинацын шагналыг “The Queen’s Gambit” долоон ангит кино хүртлээ. Энэ төрөлд мөн “WandaVision”, “I May Destroy You”, “Mare of Easttown”, “The Underground Railroad” цувралууд өрсөлджээ.


Жүжигчин Жин Смарт, Жейсон Судейкис нар инээдмийн цувралуудад бүтээсэн гол дүрээрээ “Emmy”-ийн шагналыг хүртлээ. Жин Смарт “Hacks” цувралд бүтээсэн дүрээрээ инээдмийн цувралын шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорсон бол Жейсон Судейкис “Ted Lasso” цувралын гол дүрээр шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг авсан байна.


Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд жүжигчин Энтони Андерсон ("Black-ish"), Майкл Дуглас ("The Kominsky Method”), Уильям Мэйси ("Shameless”), Кенан Томпсон (“Kenan”) нар өрсөлджээ. Харин шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд Эйди Брайант ("Shrill), Кейли Куоко ("The Flight Attendant”), Эллисон Дженни ("Mom”),  Трэйси Эллис Росс ("Black-ish”) нар өрсөлдсөн байна.


Мөн “The Crown” цувралд тоглосон Оливия Колман, Жош О'Коннор нар драм цувралын шилдэг эрэгтэй, эмэгтэй жүжигчнээр тодорчээ. Драм цувралын шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд “The Crown” кинонд мөн дүр бүтээсэн Эмма Коррин, Элизабет Мосс ("The Handmaid's Tale), Эм-Жей Родригес ("Pose”), Жерни Смоллетт ("Lovecraft Country”), Узо Адуба ("In Treatment”) нар нэр дэвшсэн байна. Харин шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд Реге-Жан Пейдж ("Bridgerton”), Жонатан Мэйджерс ("Lovecraft Country"), Мэттью Риз ("Perry Mason”), Билли Портер ("Pose”), Стерлинг Браун ("This Is Us”) нар өрсөлджээ.


Богино хэмжээний цувралын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг Кейт Уинслет ("Mare of Easttown”) хүртсэн бол шилдэг эрэгтэй жүжигчнээр Юэн Макгрегор ("Halston”) шалгарсан байна.


Шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотын "Майкрософт" театрын ард байрлах талбайд боллоо. Хүн хоорондын зайг хадгалахын тулд зохион байгуулагчид ёслолд оролцох нэр дэвшигчдийн тоог хязгаарлажээ. 



Холбоотой мэдээ