Галбын говь

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-09-20 15:50:04

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгийг хамрах Галбын говь нь Монгол орны алдарт 33 говийн дотор хамгийн том нь юм. 

Галбын говийн нийт талбай нь 70 мянган хавтгай дөрвөлжин километр, 100 гаруй км урт сунаж тогтсон говийн ухаа гүвээ, элсэн манхан, хуурай сайр бүхий нутаг. Хуурай сайруудаараа өтгөн шигүү хайлаас, тооройн төгөлтэй бөгөөд заган ой, баян бүрдүүд байна. Эндхийн баян бүрдүүд нүүдлийн шувуудад нэн чухал ач холбогдолтой гэж судлаачид үздэг.  Энд дэлхийн хэмжээнд ховордож буй шувуудаас идлэг шонхор, зээрд шонхор, жороо тоодгой тогтмол үүрлэж өндөглөдөг. Мөн нөмрөг тас, могойч загалай, бахим бүргэдэй, амарын шонхор өсөж үрждэг байна.


Евразийн хээр ба цөлийн биомын зонхилох шувууд болох хулан жороо, загийн боршувуу, монгол ногтруу элбэг. Дэлхийн хэмжээнд ховорт орох хэд хэдэн зүйлийн хөхтөн амьтад байдгаас хулан, хар сүүлтий, цагаан зээр, аргаль хонь, янгир ямаа, соотон алагдаага тэргүүтнийг дурдаж болно.


Галбын говь нь Өмнөговь аймгийн хэд хэдэн томоохон уурхайгаас Хятадын хил хүрсэн замаар хэсэгчлэгдэн тасархайтаад байгаа юм. Мөн Галбын улаан хүрэн тэмээгээрээ алдартай нутаг билээ.

Мөн энд говийн догшин хутагт гэж алдаршсан Данзанравжаагийн байгуулсан Галбын гурван хийдийн туурь бий. Эрт галавын далайн ёроол байсныг илтгэх ховор сонин чулуун тогтоц, нутгийнхны шүтэн биширдэг Баяжихын агуй зэрэг зорьж ирсэн гийчдийн нүд хужирлах говийн үзэсгэлэн Галбын говьд олон байдаг. 

Холбоотой мэдээ