Халдвараас урьдчилан сэргийлэх эмчилгээний багцыг сумдад хүлээлгэж өгөв

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-09-20 16:46:12

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ховд, Дуут, Алтай, Үeнч, Булган сумын Эрүүл мэндийн төвд коронавирусний халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх багц олгов. 


УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ховд аймагт ажиллаж байна. Тэрбээр Улсын Онцгой комисст хүсэлт тавьсны дагуу Ховд аймгийн зарим суманд шаардлагатай байгаа нэг удаагийн амны хаалт, малгай, бээлий, хамгаалах хувцас болон найман нэр төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх эмчилгээний багц өгч буй. 

Энэ ажлын хүрээнд Ховд, Дуут, Алтай, Үeнч, Булган сумын Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзаж, коронавирусний халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх багцыг гардуулан өгөв.


Ховд сум нь 3489 хүн амтай. Өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын 211 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 174 нь эдгэрч, 8 хүн тусгаарлах эмнэлэгт, 16 хүн гэрээр эмчилгээ хийлгэж байна.

Харин Дуут сумын тухайд 2000 гаруй хүн амтай. Үүнээс коронавирусний халдварын 243 тохиолдол батлагдсанаас 202 нь эдгэрч, 30 хүн гэрээр, 5 хүн тусгаарлах эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Баруун бүсийн сумдын нэг болох Алтай сум нь 3200 гаруй хүн амтай. Одоогийн байдлаар коронавирусний халдварын 322 тохиолдол бүртгэгдсэнээс 230 нь эдгэрч, 38 хүн тусгаарлах эмнэлэгт, 40 хүн гэрээр эмчилгээ хийлгэж байна. 

Харин Үeнч сумын тухайд 4198 хүн амтай. Үүнээс коронавирусний халдварын 224 тохиолдол батлагдсанаас 126 нь эдгэрч, 96 хүн гэрээр, 20 хүн тусгаарлах эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

Тэгвэл 10 мянга гаруй хүн амтай Булган суманд одоогоор 555 хүн коронавирусний халдвар авсан нь батлагджээ. Үүнээс 327 нь эдгэрч, 200 хүн гэрээр, 30 хүн тусгаарлах эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

Сумдын Эрүүл мэндийн төвийн эмч, холбогдох мэргэжилтнүүд 3-5 хүний бүрэлдэхүүнтэй баг болж, 14 хоногийн хугацаанд халдварын эрсдэл бүхий улаан бүсэд ээлжээр ажиллаж байна.

Хөдөөгийн сумын эрүүл мэндийн байгууллагуудад коронавирусний халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас гол тулгамдаж буй асуудлуудын нэг болж байсныг энэ үeэр эмч мэргэжилтнүүд хэллээ.

Халдвараас урьдчилан сэргийлэх эмчилгээний багцыг сумын Эрүүл мэндийн төвүүдэд олгосноор алслагдсан бүсийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай үзүүлэх боломж ийнхүү өргөжиж буй. 

Орон нутгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үүднээс өмнө нь БНСУ-ын ОУ-ын хүмүүнлэгийн байгууллагатай хамтран ажиллаж, 300 гаруй сая төгрөгийн санхүүжилт бүхий эм, эмнэлгийн хэрэгслийг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад дэмжлэг болгон өгч байжээ.   

 

Холбоотой мэдээ