Босоо явсан шинэ Их аварга Дайэйшод ойчиж 1 унаатай болов

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-09-20 17:53:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Токио хотноо үргэлжилж буй сумо бөхийн намрын тэмцээн буюу Аки башёгийн 9 дэх өдрийн барилдаанд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ  Дайэйшо /Маэгшира-4/-д ёрикири мэхээр унаснаар 8 даваа, 1 унаатай болов.


Энэхүү башёд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын Миягино дэвжээнд коронавируст халдвар гарсан тул тэмцээнийг өнжсөн билээ.


Аки башёгийн 9 дэх өдөр Кирибаяама /М-2/ Б.Лхагвасүрэн, Сэкиваке Митакэүми-тэй учраа тааран барилдаж, түүнийг окүридаши мэхээр давж 6 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.


Энэ өдөр Хошёорюү С.Бямбасүрэн /М-1/, Вакатакакаге /М-3/-тэй учраа таарч түүнийг иппонзэои мэхээр хаяж 3 даваа, 2 унаатай болов. Тэр энэ башёд 4 өдөр гэмтлийн улмаас өнжөөд, дахин барилдаж байгаа юм.


Комүсүби Ичиножёо /М-2/ А.Ичинноров, энэ өдөр Таканошо /М-1/-той барилдаж, түүнд ёрикири мэхээр унаснаар 3 даваа, 6 унаатай болоод байна. Харин Чёошома /М-7/ Г.Мөнхсайхан, Озэки Шодайтай таарч, түүнд ошидаши мэхээр унаснаар ганц даваа, 8 унаатай энэ башёд амжилт тааруухан явж байгаа юм.


Ням гарагт буюу 8 дахь өдрийн барилдаанд шинэ Их аваргад унасан Тамаваши /М-4/ Б.Мөнх-Оргил энэ өдөр Сэкиваке Мэйсэйтэй барилдаж, түүнд цүкидаши мэхээр унаснаар 3 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна. 

Холбоотой мэдээ